Бүслүүр үлд өвчний эмчилгээнд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан эмчилсэн үр дүн

Зохиогчид

  • Сувд (SUBUDE) АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим , ӨМӨЗО, Өвөрмонголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо Зохиогч
  • Б.Лагшмаа АШУҮИС, МАУОУС, Зүү төөнө заслын тэнхим Зохиогч
  • З.Болортулга АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч
  • Н.Занди АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч
  • Н.Оюунцэцэг АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Герпес зостер, Уламжлалт засал, VAS, Short Form-12

Хураангуй

Үндэслэл: Бүслүүр үлд (Herpes zoster) нь салхин цэцэг-бүслүүр үлд үүсгэгч Varicella-zoster virus-ын дахин идэвхжилээр үүсдэг хурц үрэвсэлт арьсны өвчин юм. Олон улсын судалгаанаас үзэхэд өвчний явцад өвчтөний амьдралын чанар ноцтойгоор алдагддаг ба архаг өвдөлт нь өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Эмнэлзүйн практикт самнуур заслын аргыг бүслүүр үлд өвчний үед үр дүнтэйгээр хэрэглэж ирсэн бөгөөд самнуур засал нь өвчний зовуурийг бууруулах, арьсны үрэвслийг намжаах, арьсны нөхөн төлжилтийг дэмжих зэрэг эерэг нөлөө үзүүлдэг. Иймд бүслүүр үлд өвчнийг самнуур засал, зүү эмчилгээтэй хослуулан эмчилсэн судалгаа ховор байгаа тул энэхүү эмнэлзүйн судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Бүслүүр үлд оноштой эмчлүүлэгчдэд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан хийж эмчилгээний дүнг тооцох. Арга, аргачлал: Судалгааг санамсаргүй бус түүврийн аргаар эмнэлзүйн туршилт судалгааны загвараар АШУУИСийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо (ОУМЭХ)-г түшиглэн судалгаанд хамруулах шалгуур хангасан бүслүүр үлд (ICD 10–B02.9) оноштой 70 үйлчлүүлэгчийг хамруулж эмчилгээний бүлэгт самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан хийсэн. Хяналтын бүлэгт Ацикловир эмийг 800 мг-аар өдөрт 5 удаа 7-10 хоногийн турш, Прегабалин 75 мг-аар өдөрт 2 удаа 14 хоног уусан. Эмчилгээний үр дүнг үнэлэхдээ өвдөлтийн байдлыг VAS шугаман үнэлгээ, амьдралын чанарыг SF-12 (Short Form12 health survey) товч асуумжаар, Афины нойргүйдлийн шалгуураар (AIS) өвчтөний унтах чанарыг хэмжиж, нойргүйдлийн байдлыг үнэлэв. Эмчилгээний дүнд эдгэрсэн байдлыг “Монгол уламжлалт анагаах ухааны өвчний оношилгоо, эмчилгээний стандарт”-аар үнэлсэн. Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас эмчилгээний бүлэгт 47.29±11.11 жил, хяналтын бүлэгт 44.43±11.63 жил, хүйсийн хувьд 34% нь эрэгтэйчүүд, 66% нь эмэгтэйчүүд байв. Эмчилгээний үр дүнг VAS шугаман үнэлгээгээр үнэлэхэд өвдөлтийн байдал эмчилгээний бүлэгт өвдөлтийг илүү бууруулсан статистик ач холбогдол бүхий үр дүнтэй байв (P<0.001). Судалгаанд оролцогсдын амьдралын чанарыг SF-12 асуумжаар үнэлэхэд физиологийн талаас үнэлсэн (Physical component summary) онооны хувьд (SF-12-PCS) эмчилгээний бүлэгт эмчилгээний өмнө 32.71±7.38 байсан бол эмчилгээний дараа 52.99±2.02 болж нэмэгдсэн ба (t=-17.18, p<0.001), хяналтын бүлэгт 36.10±7.41ээс 51.56±7.9 (SF-12-3.9) болж нэмэгдсэн байна (p<0.001). Судалгаанд хамрагсдын нойрны байдлыг AIS асуумжаар үнэлэхэд эмчилгээний бүлгийн нойрны чанар хяналтын бүлгийнхээс өндөр байсан (P<0.05). Монголын уламжлалт анагаах ухааны өвчний оношилгоо, эмчилгээний стандартаар үнэлэхэд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан хийж эмчилснээр эдгэрэлтийн байдал 100% байлаа. Дүгнэлт: 1. Бүслүүр үлд өвчний эмчилгээнд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулан хийхэд өвдөлтийг сайн бууруулж байна. 2. Бүслүүр үлд оноштой үйлчлүүлэгчдэд самнуур заслыг зүү эмчилгээтэй хавсруулсан хийснээр нойрны болон бие, сэтгэцийн үйл ажиллагааны хувьд амьдралын чанарыг сайжруулах үр дүнтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Лагшмаа, З.Болортулга, Н.Занди

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-05-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл