Улаанбаатар хотын Өрхийн эрүүл мэндийн төвийн лабораторийн шинжилгээний тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг судалсан дүн
Түлхүүр үг:
Өрхийн эрүүл мэндийн төв, Лаборатори, Хангамж, ХяналтХураангуй
Үндэслэл: Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Иргэн бүрийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд бүрэн хамруулж, хүн амын дундаж наслалт уртассан байна” гэх үр дүнд хүрэх зорилтыг баталсан. “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн судалгаа”-гаар манай улсын өрхийн эрүүл мэндийн төвийн оношилгооны чадавх 42.1%-тай байсан. Үүнд нөлөөлж байгаа лабораторийн хүний нөөц, хангамж, чанарын баталгаажилт ба хяналтыг тодорхойлох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвийн лабораторийн шинжилгээний тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг судлах. Арга, аргачлал: Судалгааны мэдээ материалыг цуглуулахдаа ДЭМБ болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн боловсруулсан “Үйлчилгээний хүртээмж, бэлэн байдлын үнэлгээ”, “Лабораторийн тусламж үйлчилгээг үнэлэх хэрэглэгдэхүүн”, “ЭМС-н 2023 оны Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний журам, жагсаалт, гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг шинэчлэн батлах тухай А/283 тоот тушаал”, “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагаа MNS 5292:2017” стандарт зэргээс боловсруулсан асуумжийг ашигласан. Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдээс санамсаргүй түүвэрлэн 46 өрхийн эрүүл мэндийн төвийг хамруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ӨЭМТ-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй хүн амын тоо дунджаар 10228±4043 байсан ба ӨЭМТ-ийн 73.9% (n=34) нь 8000-аас дээш хүн амд үйлчилж байна. Хүний нөөцийн хувьд ӨЭМТ-д дунджаар 5±2 эмч, сувилагч ажиллаж байгаа бол нийт ӨЭМТ-д 50.0% (n=23) нь эмнэлзүйн эмгэг судлаач эмч ажиллаж байна. Эдгээр эмчийн 26.1% (n=6) нь үндсэн, 73.9% (n=17) нь гэрээт ажилтан байв. ӨЭМТ-д буй цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохими, шээсний ерөнхий шинжилгээ хийх тоног төхөөрөмжийн хангамж тус бүр 60.9% (n=28), 50.0% (n=23), 97.8% (n=45) байна. Лабораторийн тоног төхөөрөмжийн хангамж нь үйлчилгээ үзүүлж байгаа хүн амын тоо 8000-аас их, бага байхад хамааралгүй ялгаагүй байв(p=0.54; p=0.63; p=0.74). Тоног төхөөрөмжтэй ӨЭМТ-ийн эмнэлзүйн лабораторийн шинжилгээг судлахад нийт ӨЭМТ-ийн 82.1% (n=23) нь ЦДШ, 87.0% (n=20) нь биохимийн шинжилгээ, 97.8% (n=44) нь ШЕШ тус тус шинжилж байна. Шинжилгээний дотоод болон гадаад хяналтад хамрагдалт мэргэшсэн хүний нөөцтэй төв хүний нөөцгүй төвүүдээс статистикийн хувьд ялгаатай байгаа нь тодорхойлогдсон.(p=0.008; p=0.08) ӨЭМТ-д хийгдэж буй нийт шинжилгээний жагсаалт, биохимийн шинжилгээний үзүүлэлтийн тоо нь лабораторийн мэргэшсэн хүний нөөцтэй, нөөцгүй бүлэгт ялгаатай байв (p=0.001, p=0.001). Харин түргэвчилсэн оношлуурын хувьд үйлчилж буй хүн амын хүрээ болон лабораторийн мэргэшсэн хүний нөөцийн бүлгүүдэд ялгаагүй байсан. (p=0.8; p=0.6) Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн 2 төв тутмын 1 нь лабораторийн мэргэшсэн хүний нөөцтэй байна. 2. Тус байгууллагуудын лабораторийн тоног төхөөрөмжийн хангамж 50.0-60.9% байв. Мөн цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохими, шээсний ерөнхий шинжилгээнд хийсэн дотоод болон гадаад хяналтын хувь мэргэшсэн хүний нөөцтэй болон нөөцгүй бүлгүүдэд ялгаатай байна. 3. Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвийн лабораторийн оношилгоо, шинжилгээний байдал хүн амын хүрээ, лабораторийн мэргэшсэн хүний нөөцөөс хамааран ялгаатай байгаа тул анхан шатны эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Мягмарцэрэн, О.Зэсэмдорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
