Нүдний эвэрлэг бүрхүүлийн морфометрийн зарим үзүүлэлтийг насанд хүрсэн Монгол хүнд судалсан нь

Зохиогчид

  • Х.Баярмаа АШУҮИС, АУС, Нүд судлалын тэнхим , АШУҮИС, Төв эмнэлэг Зохиогч
  • Л.Баярмагнай АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • П.Баясгалан АШУҮИС, АУС, Нүд судлалын тэнхим Зохиогч
  • Д.Уранчимэг АШУҮИС, Био АС, Анатомийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эндотель эсийн нягт, Спекуляр микроскоп, Эвэрлэг бүрхүүлийн төвийн зузаан, Гексагон эс

Хураангуй

Үндэслэл: Нүдний эвэрлэг бүрхүүлийн хамгийн дотор талын давхарга болох зургаан талт эндотель эсүүд нь эвэрлэг бүрхүүлийн тунгалаг чанарыг хадгалж, өөрөөрөө дамжуулан эвэрлэгийн үндсэн бодисыг тэжээх үүрэгтэй харааны чадалд шууд нөлөөлдөг өвөрмөц бүтэц юм. Судлаачдын тогтоосноор энэхүү эс нь нөхөн төлждөггүй бөгөөд нас ахих тусам тоо нь цөөрч, бүтцээ алдан өөрчлөгддөг байна. Эвэрлэг бүрхүүлийн зузаан, эндотель эсийн морфологи шинж чанар нь хүн бүрт харилцан адилгүй байдагт үндэслэн эвэрлэг бүрхүүлийн өвчнийг ялган оношлох, эвэрлэгийг шилжүүлэн суулгах, болор солих мэс засал хийх шийдвэр гаргахад эндотель эсийн лавламж хэмжээ чухал юм. Нүдний эвэрлэг бүрхүүлийн зузаан, эндотель эсийн тоо ширхэг, хэлбэр хэмжээг Монгол хүнд судалсан судалгааны ажил хомс байгаа нь бидний судалгааны ажил хийх үндэслэл боллоо. Зорилго: Нүдний эвэрлэг бүрхүүлийн зузаан, эндотель эсийн морфологи шинжийг насанд хүрсэн Монгол хүнд судлан тогтоох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналатик судалгааны агшны загвараар хийж гүйцэтгэсэн ба 20-79 насны 198 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон нүдний бүрэн үзлэг хийж, нүдэнд хүрэлцдэггүй спекуляр микроскопоор эвэрлэг бүрхүүлийн зузаан, эндотель эсийн нягт, эсийн талбайн дундаж, эсийн хэмжил зүйн вариацийн коэффициент, зөв зургаан талт эндотель эсийн эзлэх хувийг тоон аргаар тодорхойлов. Бид АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос зөвшөөрөл авч (Дугаар № 2024/3-06) таниулсан зөвшөөрлийн хуудсаар судалгаанд хамрагдагсдаас зөвшөөрөл авч судалгааг гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 48.4±14.5 жил, үүнээс 48.9% (n=97) нь эрэгтэй, 51.1% (n=101) нь эмэгтэй хүмүүс байв. Эвэрлэг бүрхүүлийн төвийн хэсэгт эндотель эсийн нягт дунджаар 2857.14±291.49 эс/мм², эвэрлэг бүрхүүлийн төвийн зузаан 526.25±33.67 мкм, эсийн талбайн дундаж 335.11±37.82 мкм2, зөв зургаан талт эндотель эсийн эзлэх хувь 64.81±3.94%, эсийн хэмжил зүйн вариацийн коэффициент 0.31±0.04 байв. Нас ахих тусам эндотель эсийн нягт, зургаан талт эсийн эзлэх хувь статистикийн ач холбогдол бүхий буурч байсан бөгөөд эндотель эсийн талбайн дундаж, эсийн хэмжил зүйн вариацийн коэффициенттэй урвуу хамааралтай байв. (P=0.0001) Эвэрлэг бүрхүүлийн зузаан, эндотель эсийн морфометрийн үзүүлэлтүүдэд баруун зүүн нүд, хүйсийн хооронд статистик ялгаа ажиглагдсангүй. Насанд хүрсэн Монгол хүний эвэрлэг бүрхүүлийн дотор талын эндотель эсийн нягт жилд ойролцоогоор 0.3%-иар буурч байна. (r=0.2107, p<0.0001) Дүгнэлт: Насанд хүрсэн Монгол хүнд нүдний эвэрлэгийн төвийн зузаан дунджаар 526.25±33.67 мкм буюу бусад оронд хийгдсэн судалгааны үр дүнтэй ойролцоо, харин эндотель эсийн нягт харьцангуй их буюу 2857.14±291.49 эс/мм² байв. Нас ахих тусам эвэрлэг бүрхүүлийн төвийн хэсгийн эндотель эсийн нягт, зөв зургаан талт эсийн эзлэх хувь буурч, эсийн хэмжилзүйн вариацийн коэффициент, эсийн талбайн дундаж үзүүлэлт ихсэх зүй тогтолтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-05-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл