Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөрний чулуу оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн нас, хүйсийг өвчний эрсдэлтэй нь уялдуулан судалсан дүн

Зохиогчид

  • Б.Содгэрэл АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхим , УНТЭ, Урологийн төв Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • А.Шийрэвнямба АШУҮИС, Эрдмийн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Бөөр шээсний замын эмгэг, Хүн ам зүйн үзүүлэлт, Эрсдэлт хүчин зүйл

Хураангуй

Үндэслэл: Бөөрний чулуу өвчний эрсдэлийг нас, хүйсийн онцлогоор судалсан судалгаануудын дүнгээс харахад улс орон бүрт харилцан адилгүй, ялангуяа улс орны хөгжлийн түвшин, хүн амын хооллолтын байдал зэргээс шалтгаалан ялгаатай байна. Манай орны хувьд сүүлийн 20-иод жилийн хугацаанд бөөрний чулуу өвчний талаар хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Бөөрний чулуу өвчний улмаас мэс заслын эмчилгээ хийгдсэн өвчтнүүдийн нас, хүйсийг өвчний эрсдэлтэй нь уялдуулан судлах. Арга, аргачлал: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологийн тасагт 6 сарын хугацаанд мэс заслын эмчилгээ хийгдсэн нийт 551 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Судалгааны ажлын үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-27.0 программ хангамжийг ашиглан үнэн магадлалын түвшинг 0.05 тохиолдолд ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Мэс засал хийгдсэн өвчтөнүүдийн 12.5%-ийг бөөрний чулуу (n=69), харин 87.5%-ийг (n=482) урологийн бусад өвчлөл эзэлж байна. Бөөрний чулуу оноштой өвчтөнүүдийн дундаж нас 46.5±12.6 жил байгаа нь урологийн бусад мэс заслын эмгэгтэй өвчтөнүүдээс (дундаж нас=55.8±16.1 жил) харьцангуй доогуур буюу залуу байна. Бөөрний чулууны өвчлөлийг хүйсээр нь авч үзэхэд эмэгтэйчүүд 56.5%, эрэгтэйчүүд 43.5%-ийг эзэлж байна. Урологийн мэс заслын тусламж үйлчилгээ авсан нийт хүмүүсийн дунд эзлэх хүйсийн харьцааг авч үзвэл эмэгтэйчүүдийн эзлэх хувь (19.9%) эрэгтэйчүүдтэй (8.5%) харьцуулахад 2 дахин их тохиолдож байв. Логистик регрессийн шинжилгээгээр эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй харьцуулахад бөөрний чулуутай байх магадлал 1.5 (OR=1.5, 95% CI: 1.5-4.2, p<0.01) байна. Насны хувьд хамгийн их тархалт 36-55 насны бүлэгт ажиглагдсан ба 55-аас дээш насныхан БЧӨ-өөр өвчлөх эрсдэл харьцангуй бага (OR=0.19, 95% CI: 0.10-0.39, p<0.001) байв. Дүгнэлт: 1. Бөөр шээсний замын мэс заслын эмчилгээ хийгдсэн хүмүүсийн 12.5%-ийг бөөрний чулуу өвчин эзэлж байна. 2. Бөөрний чулуу оношоор хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь 35-55 насны, хүйсийн хувьд эмэгтэйчүүд 56.5 хувийг эзэлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунтөгс, А.Шийрэвнямба

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-05-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл