Залуу хүмүүст тохиолдох тархины харвалтын тархвар, шалтгаан, эрсдэлт хүчин зүйл: Системт тойм судалгаа

Зохиогчид

  • Ц.Дэлгэрмаа АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Зохиогч
  • Б.Журамт АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Г.Цагаанхүү АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Тархины цус харвалт, Эпидемиологи, Этиологи, Эрсдэлт хүчин зүйлс, Насанд хүрэгчид

Хураангуй

Үндэслэл: Дэлхий дахины янз бүрийн бүс нутагт тархины харвалтын жилд гарах өвчлөлийн дундаж 100.000 хүн амд 100-336, нас баралт 36136 түвшинд хэлбэлзэж байгаа бөгөөд Монголд жилийн шинэ өвчлөл 100.000-д 220, нас баралт 113 тохиолдож, харвалтын өвчлөлөөр дээгүүр байранд орж байна. Зорилго: Залуу насны хүмүүст тохиолдох тархины цус тасалдах харвалтын тархвар судлал, шалтгаан, эрсдэлийн хүчин зүйлийн талаарх хэвлэлийн эх сурвалжиийг шүүн нэгтгэж, системт тойм судалгаа хийх. Арга, аргачлал: Судалгааны эх сурвалжуудад Cochrane Library, Datebase, Medline, PubMed, Google Scholar, Web of Science зэрэг олон улсын платформд нийтлэгдсэн бүтээлүүдээс “Stroke”, “Definition”, “Epidemiology”, “Etiology”, “Risk factors”, “Young Adult”, “Ischemia”, “Hemorrhage”, “Silent stroke зэрэг түлхүүр үгээр хайлт хийж, цуглуулсан эх сурвалжуудаас холбогдох мэдээ баримт, өгөгдлийг сонгон авч тойм өгүүллийг боловсруулав. Үр дүн: ДЭМБ-ын MONICA төслийн тайланд харвалтын өвчлөл 16 орны 35-64 насны 100.000 хүнд эрэгтэйчүүдэд 101-285, эмэгтэйчүүдэд 47-198 бүртгэгдсэн ба АНУ-д 55-аас доош насны 100.000 хүнд 113.8, түүнээс тархины шигдээс 100.000-д 73.1 ногдож, 10 гаруй хувь нь 55-аас доош насныхан эзэлж байна. Монгол улсад харвалтаар өвчлөгсдийн 21-26%-ийг залуу насныхан эзэлж байгааг сүүлийн үед хийгдсэн судалгаагаар тогтоосон бол Өрнөдийн орнуудад энэ үзүүлэлт 10-13%-ийн түвшинд байна. Залуу насанд тохиох харвалтын уламжлалт шалтгаан, эрсдэлийн хүчин зүйлээс артерийн хипертензи 45-60%, тамхидал 40-60%, архидал 40-50%, зүрхний эмгэг 18-30%, дислипидеми 30%, диабет 13%, таргалалт 7-36%, эрсдэлийн өвөрмөц хүчин зүйлээс мигрень 10-35%, жирэмслэлтээс хамгаалах дааврын хэрэглээ 10-22%, васкулит 6-10%, цусны бүлэгнэлтийн эмгэг 2-10%, судасны хуулрал 6-40%-ийг тус тус эзэлж байна. Шалтгаан зүйн TOAST ангиллаар том судасны өвчин 16-17%, жижиг судасны бөглөрөл 14-15%, зүрхний эмболи 19-20%, бусад тодорхой шалтгаант дэд хэв 22-23%, тодорхой бус шалтгаант дэд хэв 26-27% гэсэн үзүүлэлтээр ялгарч байна. Дүгнэлт: Тархины харвалтын эпидемиологийн үзүүлэлт улс орны хөгжлийн түвшин, бүс нутгийн газарзүйн онцлог, амьдралын хэвмаяг, нас хүйсний хамаарлаар ихээхэн хэлбэлзэлтэй (харвалтын давтамж 100.000/134.9-336.3; нас баралт 100.000/36.7-136.7) байгаа бөгөөд түүний дотор Монгол улс тархины харвалтын давтамж, нас баралтын зэрэглэлээр өндөр үзүүлэлт бүхий орны тоонд хамаарч байна. Залуу насанд тохиолдох тархины шигдээс Өрнөдийн орнуудад 10-13%-ийг эзэлж байгаа бол манай орны хувьд энэ үзүүлэлт 21-26%-д хүрч, шалтгаан эрсдэлийн уламжлалт ба өдөрмөц хэд хэдэн хүчин зүйлээр нөхцөлдөх онцлогтой байна. Тархины харвалт залуужиж байгаа учир шалтгаан, эрсдэлийн хүчин зүйлийг нарийвчлан судалж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл-ажиллагааг эрчимтэй явуулах шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Журамт

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-05-05

Дугаар

Салбар хэсэг

Тойм өгүүлэл