Монгол улсын насанд хүрэгчдийн архи, тамхины хэрэглээ: Хүн амд суурилсан судалгааны үр дүн

Зохиогчид

  • Д.Баярболд АШУҮИС, НЭМС , Эрүүл Мэндийн Яам Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, НЭМС Зохиогч
  • Б.Азжаргал ХӨСҮТ Зохиогч
  • Б.Ундрах ХӨСҮТ Зохиогч
  • Э.Нямбаяр ХӨСҮТ Зохиогч
  • Э.Энхтөгөлдөр ХӨСҮТ Зохиогч
  • Б.Батзориг АШУҮИС, НЭМС Зохиогч
  • Э.Маралмаа АШУҮИС, НЭМС Зохиогч
  • Э.Оюунсүрэн Эрүүл Мэндийн Яам Зохиогч

Түлхүүр үг:

Хорт зуршил, Урьдчилан сэргийлэлт, ХБӨ-ний эрсдэл, Нас баралт

Хураангуй

Үндэслэл: Дэлхий дахинд нийт нас баралтын гуравны хоёроос илүү хувь нь халдварт бус өвчнөөс (ХБӨ) шалтгаалж байгаа бөгөөд эдгээр нас баралтын 75 хувь нь бага, дунд орлоготой орнуудад тохиолдож байна. ХБӨ-ийн хамгийн том эрсдэлт хүчин зүйлс нь архи, тамхи зэрэг зан үйлийн хүчин зүйлс бөгөөд дэлхий дахинд тамхи, согтууруулах ундааны хэрэглээ нь 8 сая орчим хүний нас баралтын шалтгаан болж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр архины хэрэглээ нь зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижин зэрэг ХБӨ-ийн гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг болдог. Тамхины хэрэглээ нь мөн эрт нас баралт болон хөгжлийн бэрхшээл үүсгэдэг гол шалтгаануудын нэг юм. Монгол Улсад архи, тамхины хэрэглээ нь хүн амын дунд түгээмэл бөгөөд 2019 оноос хойших хугацаанд хүн амын дундах хэрэглээний талаар хангалттай судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Монгол Улсын насанд хүрэгчдийн архи, тамхины хэрэглээний өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг 2022 оны 5 сараас 2023 оны 5 сар хүртэлх хугацаанд Монгол Улсын 18 ба түүнээс дээш насны хүн амыг хамруулан хийж гүйцэтгэв. Ингэхдээ асуумж болон лабораторийн шинжилгээний аргыг ашиглан мэдээлэл цуглуулсан. Бид судалгаанд хамрагдагсдын архи, тамхины хэрэглээг үнэлэхдээ хүн ам зүйн мэдээлэл, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдлын талаарх асуултуудыг багтаасан асуумжийг ашиглав. Мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ тоон болон чанарын судалгааны аргыг тус тус хослуулан ашиглалаа. Үр дүн: Судалгаанд нийт 447,409 хүн хамрагдсанаас тамхины хэрэглээний нийт түвшин 17.6% байсан ба эрэгтэйчүүдийн 38.5%, эмэгтэйчүүдийн 4.8% нь тамхи хэрэглэдэг гэж хариулсан байна. Архины хэрэглээний түвшин нь нийт хүн амын 12.3%-д хүрч, эрэгтэйчүүдийн 14.6%, эмэгтэйчүүдийн 4.0% нь архи хэрэглэдэг болох нь судалгааны үр дүнгээр тодорхойлогдлоо. Түүнчлэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь нийт архи хэрэглэдэг хүмүүсийн 30%-д тохиолдож байна. Архи, тамхины хэрэглээ нь ихэвчлэн боловсролын түвшин багатай, гэр бүлээс салсан эсвэл гэрлээгүй хүмүүст өндөр байгаа нь тогтоогдсон. Түүнчлэн архи, тамхины хэрэглээ нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, эрүүл мэндэд учруулах аюулыг нэмэгдүүлж байгаа тогтоогдлоо. Дүгнэлт: Монгол Улсын нийт эрэгтэйчүүдийн дунд архи, тамхины хэрэглээ нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад хэд дахин их байна. Боловсролын түвшин болон гэр бүлийн байдал нь архи, тамхины хэрэглээний түвшинд нөлөөлөх гол хүчин зүйлс болж байна. Архийг хэтрүүлэн хэрэглэх нь эрэгтэйчүүдийн дунд түгээмэл ба энэ нь эрүүл мэндийн томоохон аюул болсныг илтгэж байна. Монгол Улсад архи, тамхины хэрэглээний эсрэг үр дүнтэй бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Төрөөс эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэгдүүлж, архи, тамхины хэрэглээг бууруулахын тулд зорилтот арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Баярболд, Д.Даваалхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-12-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл