Архинд донтох эмгэгийн үеийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилтэд алкуремон уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судалсан нь
Түлхүүр үг:
Чаннадсэлши, Гамильтон, Цунгийн сорил, Архины донтолт, Уламжлалт эмХураангуй
Үндэслэл: Дэлхий дахинд 2 тэрбум гаруй хүн архи, согтууруулах ундааг хэрэглэдэг ба тэдний 80 гаруй сая нь архи, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй эмгэгтэй гэж ДЭМБ мэдээлжээ. Монгол улсын хэмжээнд хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар архинд донтох эмгэг 1994 онтой харьцуулахад 30 дахин нэмэгдсэн бөгөөд архинд донтох эмгэгтэй хүмүүсийн 46.6% нь архаг ядаргаа, сэтгэл түгших, сэтгэл гутрал, органик бус нойрны эмгэгтэй байна. Монголын уламжлалт анагаах ухаанд архины өвчний үед хэрэглэж ирсэн “Чаннадсэлши буюу Архины өвчнийг арилгагч дөрөв” хэмээх жор бий бөгөөд уг жорын талаар сурвалж зохиолд архи эсвэл усаар даруулж ууваас архинд согтсон архи хүсдэг нэгэн согтуугийн хязгаараас магад сэрнэ хэмээн ёгт үгээр тэмдэглэсэн байдаг. УАУТХ-нд 2015-2017 онд хэрэгжсэн төслийн хүрээнд энэхүү жорын хими, технологи, фармакологийн судалгааг хийж гүйцэтгэсэн ба алкуремон шахмал эмийн эмнэлзүйн судалгааг хийж, эмчилгээний практикт нэвтрүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Архинд донтох эмгэгийн үеийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн үед Алкуремон уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлзүйн туршилт судалгааны загвараар, дескриптив судалгааны аргаар Аддиктологи, зан үйл, сэтгэл заслын төвийг түшиглэн хийсэн. Архинд донтох эмгэг оношлогдсон (ICD-10, F10.1 F10.2), судалгаанд хамруулах шалгуурыг хангасан, судалгаанд хамрагдахыг зөвшөөрсөн, 45 хүнийг хамруулан, Алкуремон 0.5 гр шахмал эмийг 1 удаад 2 ширхгээр өглөө, оройд 30 хоногийн турш уулгаж, эмчилгээний өмнө сэтгэл засал эмчилгээнд хамруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдсан архинд донтох эмгэгтэй хүмүүсийг оношийн бүлгээр ангилахад ICD-10 F10.2 буюу Архины хараат байдлын хамшинж оноштой 53.3% (n=24), F10.1 буюу Архийг хортой үр дагавар өгөхүйц хэрэглэх оноштой 46.7% (n=21) байв. Архины хамаарлыг Мичиганы сорилоор үнэлэхэд, эмчилгээний өмнө архины хараат байдлын дундаж оноо 32.24±11.23 буюу архины хамаарлын III үед хамаарагдаж байсан бол эмчилгээний дараа 30.40±10.01 оноо болж буурсан нь (P=0.03 t=2.17) статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Сэтгэл гутралын түвшинг Цунгийн сорилоор үнэлэхэд эмчилгээний өмнө сэтгэл гутралын дундаж оноо 45.17±9.67 байсан бол эмчилгээний дараа 30.06±7.61 оноо болж статистик ач холбогдол бүхий ялгаатай буурсан (P=0.0001 t=7.97). Сэтгэл түгшилтийн зэргийг Гамильтоны сорилоор үнэлэхэд, эмчилгээний өмнө сэтгэл түгшилтийн дундаж оноо 23.62±13.72 буюу хүнд зэргийн сэтгэл түгшилттэй байсан бол эмчилгээний дараа 8.91±7.99 оноо буюу дунд зэргийн сэтгэл түгшилт болж буурсан нь (P=0.0001 t=7.19) статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Архинд донтох эмгэгтэй хүмүүсийн архины хэрэглээнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн хамаарлыг Pearson’s test ашиглан үнэлж үзэхэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн архи хэрэглэсэн нас 21.06±5.66 жил, архи хэтрүүлэн уусан жил 9.13±5.32, архины хараат байдлыг үнэлэхэд 33.40±9.72 оноо, сэтгэл гутралын түвшин 45.03±9.92 оноо, сэтгэл түгшлийн зэрэг 23.83±12.03 оноо тус тус байлаа. Дүгнэлт: Алкуремон уламжлалт эм нь архинд донтох эмгэгийн үеийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийг бууруулах (P< 0.05) үр дүнтэй байна. Архины хараат байдал нь сэтгэл гутралын түвшинтэй (r=0.52), сэтгэл түгших эмгэгтэй эерэг, хүчтэй хамааралтай болох нь (r=0.57) тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
