Хүүхдийн бөөрний дээд булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судалсан дүн
Түлхүүр үг:
Бөөрний дээд булчирхай, Хөгжил, МорфометрХураангуй
Үндэслэл: Монгол хүүхдийн бие бялдрын онцлогийг судлан тогтоох нь хүүхдийн эрүүл мэндийн байдлыг иж бүрнээр нь үнэлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхэд зайлшгүй шаардлагатай төдийгүй анагаах ухаан, хүн судлалын тулгамдсан асуудлын нэг юм. Өнөө үед Хүүхдийн бөөрний дээд булчирхайн бичил бүтцийн онцлогийг насны бүлгээр дэлгэрүүлэн судлах шаардлагатай байна. Зорилго: 0-14 насны хүүхдийн бөөрний дээд булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судлах. Зорилт: 1. Бөөрний дээд булчирхайн үлэмж бүтцийг насны бүлэг болон хүйстэй нь уялдуулан судлах 2. Хүүхдийн бөөрний дээд булчирхайн бичил бүтцийг настай нь уялдуулан судлах Арга, аргачлал: Бид дескриптив судалгааны агшингийн загвараар “ЭХЭМҮТ”-ийн бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт дотоод шүүрлийн бус эмгэгээр эндсэн 0-14 насны нийт 144 хүүхдийг сонгох шалгуурын дагуу судалгаанд хамруулж бөөрний дээд булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судалсан. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-25.0 программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд эрэгтэй, эмэгтэй хүйсийн 0-14 насны нийт 144 хүүхэд хамрагдсан ба хүйсийн харьцаа 59% (n=85) нь эрэгтэй, 41% (n=59) нь эмэгтэй тус тус байв. Бид нас болон бөөрний дээд булчирхайн морфометрийн үзүүлэлтийн хооронд корреляцийн коэффициентийг тодорхойлж үзэхэд нийт үзүүлэлтүүд хоорондоо статистик ач холбогдол бүхий дунд зэргийн хамааралтай (p<0.01, 0.4<R<0.7), харин өндөр болон жингийн үзүүлэлт нь хоорондоо хүчтэй хамааралтай байв (p<0.01, R=0.966). Түүнчлэн 0-14 насанд нийт үзүүлэлтүүд эрэгтэй, эмэгтэй хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Хүүхдийн бөөрний дээд булчирхайн бичил бүтцийн зураглал 0-30 хоногтой нярайд ерөнхий хэлбэржилтээ олсон, бүрхүүл хальс болон холтослог, тархилаг бодис ялгаран хөгжсөн хэдий ч холтослогийн бүсүүд тод ялгарч хөгжөөгүй нь харагдаж байлаа. 3 сартай хүүхдэд бөөрний дээд булчирхайн холтослог бодисын түүдгэн бүс хурдацтай ялгаран хөгжсөн, 5 настайд холтослог, тархилаг бодис төдийгүй холтослогийн 3 бүс тод ялгаран хөгжсөн, цусан хангамж нэмэгдсэн, 11 настайд булчирхайн цусан хангамж бүхэлдээ сайжирч, насанд хүрсэн хүний бүтэцтэй ижил болсон зураглал ажиглагдаж байлаа. Дүгнэлт: 1. Хүүхдийн баруун, зүүн бөөрний дээд булчирхайн хэмжилтийн үзүүлэлтүүд нь 1-3 нас хүртэл жигд өсөж, 4-5 нас болон 6-11 насанд өсөлтийн эрчим нэмэгдэж, 12-14 насанд өсөлтийн эрчим бага зэрэг буурч хүйсийн хувьд ялгаа ажиглагдсангүй. 2. Хүүхдийн бөөрний дээд булчирхайн холтослогийн 3 бүс, тархилаг давхарга 5 настайд тод ялгаран хөгжиж, булчирхайн цусан хангамж нэмэгдэн, 11 настайд насанд хүрэгсдийнхтэй ойролцоо болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
