Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины талаарх эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэгийг судалсан дүн
Түлхүүр үг:
Дархлаажуулалт, Умайн хүзүүний хавдарХураангуй
Үндэслэл: Монгол улсын дархлаажуулалтын тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт орж, хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад оруулж, 11 настай охид, хөвгүүдийг сургуульд суурилсан байдлаар дархлаажуулалт улс даяар явагдах гэж байна. Шинэ вакцин нэвтрүүлж буй энэ цаг үед эцэг эх, асран хамгаалагчдын вакцины талаарх мэдлэгийг үнэлэх нь зорилтот хүн амд зориулсан мэдээлэл сурталчилгааны стратегийг боловсруулахад зайлшгүй хэрэгцээтэй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины талаарх эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэгийн түвшинг судлах. Арга, аргачлал: Агшингийн судалгааны загвараар, тоон аргаар мэдээллийг цуглуулж, үр дүнг SPSS 25.0 программд боловсруулсан. Судалгаанд Монголын улсын бүсийн төлөөлөл 4 аймаг, 8 сум, УБ хотын 2 дүүргээс нийт 3057 эцэг эх, асран хамгаалагч хамрагдсан. Үр дүн: Судалгаанд ээж нарын төлөөлөл (71.69 хувь) хамгийн их оролцсон бөгөөд оролцогчдын 74.2 хувь нь ажил эрхэлдэг, 62 хувь нь дээд боловсролтой, 36-45 насны эцэг эх, асран хамгаалагч нар зонхилон хамрагдсан байна. Хүний папиллома вирусийн халдварын талаар эцэг эх, асран хамгаалагчдын 4 хүн тутмын 1 нь л сонсож байсан байна. Хүний папиллома вирусийн халдварын талаарх эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэгийн түвшин хангалтгүй бөгөөд 2.4 хувь нь л мэдлэгийн түвшин сайн гэж үнэлэгдсэн. Эцэг эх, асран хамгаалагчид ХПВ-ийн халдвар түгээмэл байдаг, энэ вакцин ямар өвчнөөс хамгаалдаг гэдгийг 60 хувь нь мэдэхгүй байна. ХПВ-ийн халдвар болон вакцины талаарх мэдлэг нас, хүйс, байршлын хувьд ялгаатай байна. Дүгнэлт: ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулахын тулд эцэг эхчүүд, олон нийтэд дархлаажуулалтын ач холбогдлыг ойлгуулах, вакцины аюулгүй байдлын талаар мэдээлэл, сургалт сурталчилгаа өргөн хүрээнд явуулах шаардлагатай байгаа нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Нансалмаа, Д.Даваалхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
