Өндгөвчний хариу үйлдэл сул, үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд өндгөвчний сэдээлтийн үр дүнг харьцуулсан дүн
Түлхүүр үг:
Үр шилжүүлэн суулгалт, Үргүйдэл, Өндгөвчний сэдээлт, Эмнэлзүйн жирэмслэлтийн хувьХураангуй
Үндэслэл: Орчин үед агонист, антагонист аргуудын үр дүн, давуу ба сул тал, хувь хүнд тохирох байдлыг судалсан цөөнгүй судалгаа, шинжилгээний ажлууд хийгдсээр байгаа ч өндгөвчний хариу үйлдэл сул эмэгтэйчүүдэд аль арга үр дүнтэй болох нь тулгамдсан асуудал хэвээр байна. Зорилго: Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдсан, өндгөвчний хариу үйлдэл сул, үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд өндгөвч сэдээх ГнЧД-урт агонист, ГнЧД-антагонист протоколуудын үр дүнг харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид Юнимед Интернейшнл эмнэлэгт үр шилжүүлэн суулгах эмчилгээнд 2023-2024 оны хооронд хамрагдсан эмэгтэйчүүдээс өндгөвчний сул хариу үйлдэлтэй тохиолдлуудыг Болонья-н шалгуураар сонгож 114 эмэгтэйг судалгаанд хамруулав. Ингэхдээ ГнЧД-урт агонист протоколоор 56, ГнЧД-антагонист протоколоор 58 эмэгтэйд өндгөвчний сэдээлт хийж, эмнэлзүйн жирэмслэлтийн хувиар анхдагч үр дүнг, өндгөн эсийн тоо, өндгөвчний сэдээлтийн үзүүлэлтүүд болон үр хөврөлийн чанараар хоёрдогч үр дүнг тооцов. Үр дүн: ГнЧД-урт агонист бүлгийг ГнЧД-антагонист бүлэгтэй харьцуулан судлахад өндгөвчийг сэдээх хугацаа урт (10.0±0.7 vs. 9.0±0.5 хоног, p<0.01), сэдээлтэнд хэрэглэсэн гонадотропин тарилгын тун их (3219.7±199.0 О.У.Н vs. 2779.2±325.4 О.У.Н, p<0.01) байлаа. ГнЧД-урт агонист бүлэгт өндгөвчний мэдрэмтгий байдлын индекс (1.13±0.4 vs. 1.34±0.56, p=0.026) бага, фолликулын боловсролтын түвшин (68.9%±11.8%, 40.7%±10.9%, p<0.01) өндөр байгаа хэдий ч өндгөн эсийн тоо, үр тогтолтын хувь, чанартай үр хөврөлийн тоо хоёр бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Эмнэлзүйн жирэмслэлтийн үр дүн ГнЧД-урт агонист бүлэгт 7.14%, ГнЧД-антагонист бүлэгт 10.3% байв. Дүгнэлт: Өндгөвчний сул хариу үйлдэлтэй эмэгтэйчүүдэд үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ГнЧД антагонист протоколоор өндгөвч сэдээх нь ГнЧД урт агонист бүлэгтэй харьцуулахад сэдээлтийн үр дүн ялгаатай хэдий ч, жирэмслэлтийн хувь ойролцоо байна. Жирэмслэлтийн үр дүнд аль ч арга нь тодорхой давуу талыг харуулаагүй тул сэдээлтийн сонголтыг өвчтөний өвөрмөц хүчин зүйл дээр үндэслэн хувь хүн бүрт ялгаатай сонгож болох юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
