Бөөрний үйл ажиллагааны алдагдлыг Кокрофт-Голт тэгшитгэлээр тооцож ванкомицин эмийн хэрэглээтэй холбон судалсан дүн

Зохиогчид

  • Ц.Тамираа Этүгэн их сургууль, Эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • Н.Халиун АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Метициллинд тэсвэртэй алтлаг стафилококк, Креатинины клиренс, Биеийн жин, Бөөрний үйл ажиллагаа

Хураангуй

Үндэслэл: 1958 онд Америкийн Нэгдсэн Улсын Хүнс ба Эмийн Удирдлага (FDA)-аас ванкомициныг эмчилгээнд хэрэглэхийг анхлан зөвшөөрсөн. Ванкомицин нь метициллинд тэсвэртэй алтлаг стафилококк (MRSA), коагулаза-сөрөг стафилококк, стрептококк (Enterococcus faecalis), клостридум (Clostridium difÏcile) зэрэг грам эерэг бичил биетэнд идэвхитэй нөлөөлдөг. Уг эмийг эндокардит, остеомиелит, уушигны хатгалгаа, цусан үжил болон зөөлөн эдийн халдвар, стафилококкийн бусад халдвар, β-лактамын цагирагт бүтэцтэй антибиотикт үр нөлөөгүй эсвэл харшилтай, олон эмэнд тэсвэртэй S.epidermidis зэрэг хүнд хэлбэрийн халдварын эмчилгээнд хэрэглэдэг. Марсот нарын (2012) судалгаагаар ванкомициныг хэрэглэх тун нь насанд хүрэгчдэд креатинины клиренс, биеийн жин зэрэг үзүүлэлтүүдээс шууд хамаарах ба тунгийн зохицуулалт хийх шаардлагатай хэмээн зөвлөдөг боловч манай оронд хараахан дагаж мөрдөхгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Бөөрний үйл ажиллагааны алдагдлыг үнэлэн ванкомицин эмийн хэрэглээтэй холбон судлах. Арга, аргачлал: Бид Кокрофт-Голт тэгшитгэлээр 113 эмчлүүлэгчийн бөөрний үйл ажиллагааны алдагдлыг тодорхойлсон ба баримтын судалгааны аргаар ванкомицин эмийн хэрэглээг судалж хоорондын хамаарлыг тодорхойлсон. Үр дүн: Бөөрний үйл ажиллагааны алдагдлын зэргийг тодорхойлоход нийт судалгаанд хамрагдагсдын 49.6% I зэрэг, 15% II зэрэг, 13.3% III зэрэг, 8% IV зэрэг, 14.2% V дугаар зэрэг байв. Түүнчлэн бөөрний үйл ажиллагааны алдагдал нь оношоос хамааран статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.003) байгаа нь тогтоогдлоо. Ванкомицины хоногийн дундаж тун 2.5 гр, нийт хоног 8.5, нийт тун 20.5 гр байсан. Ванкомицины хоногийн тун болон нийт тун настай урвуу хамааралтай (r=-0.256), хоногийн тун БЖИ-тэй шууд хамааралтай (r=0.226), ванкомицины хэрэглэсэн хоног оношоос хамааран статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.001) байв. Дүгнэлт: Ванкомицины хоногийн тун нь настай урвуу, нийт тун нь настай урвуу, БЖИ-тэй шууд хамааралтай байна. Ванкомицин эмийн хэрэглээ нь бөөрний үйл ажиллагааны алдагдлын зэрэгтэй статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-11-07

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл