Монгол оронд ургадаг халгай (urtica dioica) ургамлын бүтээгдэхүүний буурал үсэнд үзүүлэх нөлөөг судалсан дүн
Түлхүүр үг:
Буурал үс рН, Трихоскоп, Терминал үс, Веллус үсХураангуй
Үндэслэл: Үс бууралтах гэдэг нь үсний булцуунд байрлах меланоцит эс, үүдэл эсийн тоо хэмжээ буурч, зохицуулагч ферментийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор илэрч байгаа насжилттай холбоотой физиологийн явц юм. Монгол оронд ургадаг халгай нь поливитаминт ургамал, түүхий эд нь В болон Е, К, С амин дэм, макро болон микроэлементээр баялаг, орлогдох болон үл орлогдох аминхүчлүүд, зарим органик нэгдлүүд агуулсан байгалийн олдоц элбэгтэй бүтээгдэхүүн юм Иймд Монгол оронд ургадаг халгайн түүхий эдээс бэлдсэн үсний бүтээгдэхүүн нь хүний үсний нөсөө үүсэлтэд нөлөөлөх өндөр идэвхтэй антиоксидант бодисууд агуулсан байдаг. Буурал үсэнд хэрэглэдэг импортын бүтээгдэхүүний өртөг өндөр, мөн удаан, урт хугацаанд үргэлжлүүлэн тасралтгүй хэрэглэж байж үр дүн гардаг тул бид импортын бүтээгдэхүүнийг орлохуйц олдоц элбэг, хямд өртөгтэй эх орны бүтээгдэхүүнийг бууралтай үстэй хүмүүст хэрэглэх нь тухайн хүнд гоо сайхны болон эдийн засгийн өндөр үр ашигтай зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Халгайн найрлагатай бүтээгдэхүүнийг буурал үстэй харьцангуй эрүүл хүмүүст хэрэглэн үр дүнг тооцох. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын оршин суугч, 35-55 насны харьцангуй эрүүл, буурал үстэй хүмүүсийг эмнэлзүйн туршилт судалгааны загвараар, санамсаргүй түүврийн аргаар, хяналтын бүлэгт 42, туршилтын бүлэгт 36, хүйсийн хувьд ижил байхаар сонгож авсан. Туршилтын бүлэгт Халгай салонд хийх эмчилгээний 8 удаагийн үйлчилгээ (7 хоногт 2 удаа), хяналтын бүлэгт багц бүтээгдэхүүний зааварчилгааг өгч гэрээр хэрэглүүлсэн. Туршилтын болон хяналтын бүлэгт судалгааны эхний болон 14, 30 дах хоногуудад трихоскопи, фототрихограмм, үсний тослог, чийглэг, рН шинжилгээг хийж үр дүнг харьцуулан судалсан. Статистик боловсруулалтыг STATA-14 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш 30 дах хоногт судалгаанд хамрагдагсдын 1см2 талбайд тодорхойлсон үсний дундаж үзүүлэлт хяналтын болон туршилтын бүлэгт (p<0.006) байна. Терминал үсний дундаж үзүүлэлт судалгаанд нийт хамрагдагсдад, хяналтын болон туршилтын бүлэгт нэмэгдэж (p<0.234), веллус үсний дундаж үзүүлэлт судалгаанд нийт хамрагдагсдад, хяналтын болон туршилтын бүлэгт (p<0.098) буурсан байна. Харин цагаан үсний ургалтын дундаж үзүүлэлт нь статистик ач холбогдолгүй (p<0.15) байгаа нь халгайн найрлагатай үсний бүтээгдэхүүн нь хар үсний ургалтыг нэмэгдүүлж байна. Нэг үстэй уутанцрын дундаж хэмжээ нийт судалгаанд хамрагдагсдад болон судалгааны бүлгүүдэд буурсан (p<0.033), 3 болон түүнээс дээш үстэй уутанцрын дундаж хэмжээ туршилтын бүлэгт болон судалгаанд нийт хамрагдагсдад статистик ач холбогдол (p<0.001) бүхий ихэссэн, нийт үсний диаметрийн хэмжээ (16%) өссөн байгаа нь үсний шинэ ургалт эрчимжиж, үс өтгөрч байгааг харуулж байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан буурал үстэй хүмүүсийн толгойн орой болон духны хэсэгт бууралталт хамгийн их байна. Толгойн 1 см2 талбайд тоологдсон нийт үсний 89.3% нь терминал үс, 6.5% нь веллус үс, 1 үстэй уутанцар хамгийн их тоологдож, үсний диаметр ази хүний дунджаас 13.75%-иар бага байна. 2. Халгайн найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа нийт үс, терминал үс, нэг уутанцраас гарах үсний тоо нэмэгдсэн нь меланин агуулсан, эрүүл залуу үсний ургалтыг нэмэгдүүлж байна. Хуйхны рH болон үсний диаметр нэмэгдэж тогтвортой эрүүл дундаж үзүүлэлтэд хүрсэн нь халгайн найрлагатай үсний бүтээгдэхүүн хуйхыг эрүүлжүүлэх, хоргүйжүүлэх үйлдэлтэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн болсон байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Дамдиндорж, Б.Цацралт-Од, Э.Мөнхсоёл, Д.Сарангэрэл, Ч.Өсөхбаяр, Б.Бүрэнжаргал, Б.Баасанжаргал
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
