Ковидийн хүндрэлийн зэргийг GSTT1 генийн полиморфизмтой холбон судалсан дүн
Түлхүүр үг:
Полиморфизм, Делеци, ПГУ бхПГУХураангуй
Үндэслэл: КОВИД 19-ийг үүсгэгч коронавирус нь бета-коронавиридын бүлд багтдаг, амьсгалын замын цочмог хамшинжийн коронавирус (SARS-CoV)-тэй 80% орчим төстэй учраас “SARS-CoV-2” хэмээн нэрлэсэн. КОВИД 19-ийн халдварт өртөмтгий байдал нь хувь хүний удамшлын ялгаа, генүүдийн полиморфизмтой холбоотой байдгийг судлаачид нээн илрүүлсээр байна. GSTT1 генийн нулл (Null) генотипийн үед GSTT энзим идэвхээ бүрэн алдсанаар олон төрлийн өвчинтэй холбоотой (зүрх судас, амьсгалын өвчин, гэдэсний үрэвсэл г.м) исэлдэлтийн стресс ихэсдэг. Исэлдэлтийн стресс нь амьсгалын замын вируст халдварын чухал асуудлын нэг юм. Уушгины фиброз нь КОВИД 19 өвчний исэлдэлтийн стресстэй холбоотой хамгийн түгээмэл хүндрэлүүдийн нэг болдог. Иймд Монгол хүнд илэрсэн GSTT1 генийн полиморфизмыг КОВИД 19 өвчний хүндрэлтэй холбон судлах шаардлагатай хэмээн уг судалгааг хийж гүйцэтгэлээ. Зорилго: GSTT1 генийн полиморфизмыг КОВИД 19 өвчний хүндрэлтэй холбон судлах. Арга, аргачлал: SARS-CoV-2 вирусын халдвар илрүүлэх шинжилгээг геном өвөрмөц праймер+өвөрмөц TaqMan probe бүхий (SARS-CoV-2 Detection, Fluorescence PCR, Zhejiang Orient Gene Biotech Co., LTD, China) цомог ашиглан бхПГУ-аар илрүүлсэн. ПГУ-аар GSTT1 генийн нулл (Null) генотипийг өвөрмөц праймер ашиглан ПГУ-аар тодорхойлов. Үр дүн: Ковидын халдварын хөнгөн болон хүндэвтэр бүлэгт GSTT1 генийн полиморфизмыг тодорхойлоход тохиолдлын бүлэгт GSTT1 генийн нулл (Null) генотип харьцангуй өндөр давтамжтай илэрсэн бол хяналтын бүлэгт GSTT1 генийн нон нулл (Non Null) генотип өндөр давтамжтай (p = 0.027; OR = 0.21; CI 0.04-0.96) байна. Kовидын халдвар хүндэвтэр 21 (52%) болон хөнгөн бүлэгт бүлэгт 19 (48%), нийт 40 үйлчлүүлэгчдэд GSTT1 генийн полиморфизм КОВИД 19-ийн хүндийн зэрэгт нөлөөлөх эрсдэлийг үнэлэхэд хүндэвтэр болон хөнгөн бүлгийг хооронд нас, боловсролын түвшингээр статистик ач холбогдол бүхий ялгаагүй боловч тамхи татдаг эсэх, хавсарсан эмгэг илэрсэн эсэх зэрэг үзүүлэлт нь 2 бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Дүгнэлт: Ковидын халдварын хүндийн зэрэгт GSTT1 генийн полиморфизм, нас болон хавсарсан эмгэг илэрсэн зэрэг үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. КОВИД 19-н хүндийн зэргийн эрсдэлт хүчин зүйлсийн үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлын шинжилгээнд нас, хүйс, GSTT1 генийн полиморфизм нь урвуу хамааралтай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Наранхажид, Д.Ичинноров
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
