Антинуклеар эсрэгбие илрүүлэх фермент холбоот эсрэгбиеийн урвалын цомгийн загварыг боловсруулсан судалгаа
Түлхүүр үг:
Шугаман эс, Эсэд суурилсан, ФХЭБУ, Аутоиммун, HEp-2 эсХураангуй
Үндэслэл: ANA (Anti-Nuclear Antibody) нь өөрийн эсийн ДНХ, РНХ, гистон уураг зэрэгт чиглэсэн аутоиммун механизмаар үүсдэг аутоэсрэгбие юм. Ийлдсэнд агуулагдах ANA-г илрүүлэх нь аутоиммун эмгэгийн үед оношилгооны маркер болдог бөгөөд ФХЭБУ-ын in-house оношлуурын цомгийг боловсруулах нь эмнэлзүйн болон эдийн засгийн ач холбогдолтой. Зорилго: Ийлдсийн ANA илрүүлэх ФХЭБУ-ын in-house цомгийн загварыг боловсруулах зорилго дэвшүүлэв. Арга, аргачлал: HEp-2 гэх олон төрлийн антигенийг агуулсан хавдрын шугаман эсийг антиген болгон ашигласан бөгөөд эсэд суурилсан ба эсээс ялгасан уургийг ашиглах гэсэн хоёр төрлийн арга зүйгээр туршилт судалгааг хийв. Эсийг бүхлээр ашиглахдаа 1 үүрэнд 20,000 эс байхаар тооцож хийсэн бол эсээс ялгасан уургийг 1 үүрэнд 5 мкг/мл байхаар тооцож анхдагч ба хоёрдогч эсрэгбиеэр үйлчлэн OD (Optical Density) утгыг тодорхойлов. Анхдагч эсрэгбие болох оношлуураар ANA эерэг эсвэл сөрөг тодорхойлогдсон ийлдсийг УНТЭ-ийн хэрх үе судлал, үе сэргээх төвийг түшиглэн цуглуулж хяналт болгон ашиглав. Хоёр төрлийн арга зүйгээр боловсруулж буй ФХЭБУ-ын үр дүнд антигенийг урвалын самбарт бэхлэх, өвөрмөц бус холболтыг саатуулах, анхдагч ба хоёрдогч эсрэгбиеэр үйлчлэх концентраци, хугацаа зэрэг нөлөөлж байв. Эерэг болон сөрөг хяналтын OD утгын зөрүүг нэмэгдүүлж буй протоколыг боловсруулав. Үр дүн: Уураг ашигласан загварын үр дүнгийн эерэг болон сөрөг хяналтын утгын зөрүү ойрхон тодорхойлогдсон ба статистик ач холбогдол бүхий ялгаагүй (р>0.05) байв. HEp-2 эсийн уургийг ашигласан цомгийн эерэг хяналтын OD утга 3 ба 5 дахь туршилтад өндөр тодорхойлогдов. Эерэг болон сөрөг хяналтын OD утгын зөрүүг нэмэгдүүлж буй протоколын оновчтой нөхцөлийг боловсруулав. Үүнд: Урвалын хавтанд бэхлэгдэн ургасан эсийг 1:1 метанол-ацетон ашиглан өрөөний температурт 20 минут бэхжүүлнэ. Эсийн эндоген пероксидазыг 0.1%-ийн quenching буферээр хориглож, 10%-ийн тугалын ийлдсийн альбуминаар өвөрмөц бус холболтыг саатуулна. Анхдагч эсрэгбиеийг 1:300-аар 30 минут, хоёрдогч эсрэгбиеийг 1:20,000-аар 1 цаг үйлчилнэ. HEp-2 эсийг бүхлээр ашиглахад эерэг ба сөрөг хяналтын утгын зөрүү статистик ач холбогдол бүхий ялгаатай (p˂0.0001) байв. Дүгнэлт: HEp-2 эсийг бүхлээр нь ашиглан эсэд суурилсан арга зүйгээр ийлдсийн ANA-г илрүүлэх ФХЭБУ-ын in-house цомгийн технологийг боловсруулав.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Чимидцэрэн, Ч.Гансүх
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
