Умайн хүзүүний хавдраас сэргийлэх 4 цэнт хүний папиллома вирусийн эсрэг вакцины үр дүнгийн судалгаа

Зохиогчид

  • Б.Цэцэгсайхан Хавдрын Үндэсний Зөвлөл НҮТББ Зохиогч
  • А.Отгонжаргал Хавдрын Үндэсний Зөвлөл НҮТББ Зохиогч
  • С.Өнөрсайхан Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • С.Цэгмэд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Н.Нарантуяа Оношмед лаборатори Зохиогч
  • А.Болор Оношмед лаборатори Зохиогч
  • Д.Гантуяа АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Умайн хүзүү, Хорт хавдар, Хүний Папиллома Вирус, Вакцин

Хураангуй

Үндэслэл: ДЭМБ-аас умайн хүзүүний хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй анхдагч урьдчилан сэргийлэлтийн арга бол охидыг Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн эсрэг дархлаажуулалт гэж үздэг. Монгол улс 2012 онд 11-17 насны 9,111 охидыг 4 цэнт ХПВ-ийн эсрэг 3 тун вакцинд хамруулсан бөгөөд уг вакцины үр нөлөөг урт хугацаанд дагаж судалсан судалгаа байхгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Умайн хүзүүний хавдраас сэргийлэх 4 цэнт Хүний Папиллома Вирусийн эсрэг вакцины үр нөлөөг 11 жилийн дараа үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив Когорт судалгааны загвараар 2012 онд 4 цэнт ХПВ вакцин хийлгэсэн болон хийлгээгүй, 2017 онд Хавдрын үндэсний зөвлөлийн “Залуу эмэгтэйчүүдийн дундах 4-цэнт Хүний Папиллома Вирусийн эсрэг дархлаажуулалтын дараах ХПВ-ийн тархалтын судалгаа”-нд хамрагдсан, ХПВ илрүүлэх шинжилгээгээр эерэг болон сөрөг байсан, нийслэлийн Баянгол, Багануур дүүрэг болон Өмнөговь, Сэлэнгэ аймгийн 24-28 насны нийт 203 эмэгтэйг хамруулсан. ХПВ, УХХ болон УХХ-аас урьдчилан сэргийлэх вакцины талаар эмэгтэйчүүдийн мэдлэг, хандлагыг асуумж судалгааны аргаар, ХПВ-ийн 16 болон 18/45-р хэв шинж болон бусад 11 төрлийн ХПВийн хавдрын өндөр эрсдэлтэй хэв шинжүүдийг (31, 33, 35, 52, 58; 51, 59; 39, 56, 66 болон 68) Оношмед лабораторид тодорхойлсон. 4 цэнт ХПВ вакцины үр дүнг 5 болон 11 жилийн дараах байдлаар харьцуулан судалсан. Эрүүл Мэндийн Яамны Ес зүйн хорооны (2023 оны 6-р сарын 19, #23/037) хурлаас судалгаа эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл авсан. Үр дүн: Вакцин хийлгэснээс хойш 11 жилийн дараа умайн хүзүүний хорт хавдар үүсгэх ХПВ-ийн өндөр эрсдэлтэй ХПВ 16, 18-р хэв шинжүүдийн тархалт вакцинд хамрагдсан бүлэгт 1.0%, хяналтын бүлэгт 9.1% тодорхойлогдсон бөгөөд эдгээр хэв шинжийн эсрэг вакцины үр нөлөө (vaccine effectiveness) 88% байв. ХПВ16-р хэв шинжийн тархалт вакцины бүлэгт 0%, хяналтын бүлэгт 8.1% байсан бөгөөд вакцины үр нөлөө 100% байсан бол ХПВ18-р хэв шинжийн тархалт вакцины болон хяналтын бүлэг тус бүрт 1.0% байсан. Харин хавдрын өндөр эрсдэлтэй бусад хэв шинжүүдийн тархалт вакцины бүлэгт 27.9%, хяналтын бүлэгт 24.2% байгаа нь вакцин ХПВ-ийн бусад хэв шинжүүдээс хамгаалаагүй болохыг харуулж байна. Вакцинд хамрагдсан эмэгтэйчүүдийн хувьд хамрагдаагүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад жирэмслэлт болон төрөлтийн түвшинд ямар ч ялгаа ажиглагдаагүй. Иймд цаашид хэрэгжүүлэх ХПВ-ын эсрэг дархлаажуулалтын бодлого болон шийдвэр гаргахад вакцины сонголт дээр анхаарах нь зүйтэй байна. Дүгнэлт: Охидод 11 жилийн өмнө хийсэн 4 цэнт Гардасил® вакцин нь одоог хүртэл умайн хүзүүний хорт хавдар үүсгэх ХПВ-ийн өндөр эрсдэлтэй 16 болон 18-р хэв шинжээс хамгаалсан хэвээр байгаа бөгөөд жирэмслэлт болон төрөлтөд нөлөө үзүүлээгүй байгаа нь ХПВийн эсрэг дархлаажуулалт эхлэх гэж байгаа энэ цаг үед чухал нотолгоо бүрдүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл