Хүний гэдэсний микробиомыг бүрдүүлж байгаа хэвийн бичил биетэнд хооллолтын байдал нөлөөлөх нь

Зохиогчид

  • Н.Туул АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • Л.Хулан АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • Х.Сэр-Од АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • Х.Александер ХБНГУ, Макс Планкийн Хувьслын Антропологийн Хүрээлэн Зохиогч
  • С.Рафейла ХБНГУ, Макс Планкийн Хувьслын Антропологийн Хүрээлэн Зохиогч
  • Ч.Баттогтох АШУҮИС, Био-Анагаахын Сургууль Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • В.Кристина ХБНГУ, Макс Планкийн Хувьслын Антропологийн Хүрээлэн Зохиогч
  • Т.Хосбаяр АШУҮИС, Био-Анагаахын Сургууль Зохиогч
  • Ц.Сонинхишиг ШУТИС, Бизнесийн Ахисан Түвшний Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Өтгөн, Ашигтай бактери, Макро шим тэжээл, Хамаарал

Хураангуй

Үндэслэл: Бидний амьдрах орчин, идэж буй хоол хүнс сүүлийн 30 жилийн хугацаанд их өөрчлөгдсөн болохыг цөөнгүй судлаачид дурьдсан байна. Манай орны хүмүүсийн хоол боловсруулах тогтолцооны хэвийн бичил биетэнд бэлчээрийн гаралтай мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг нь урт хугацаанд нөлөө үзүүлсээр ирсэн байдаг. Монгол орон бол эх газрын эрс тэс уур амьсгалтай, асар уудам газар нутагт хүн ам сийрэг оршин суудаг, бэлчээрийн мал аж ахуйн эртний уламжлал нь өнөөг хүртэл хадгалагдсан цөөн орны нэг юм. Монголчуудын уламжлалт цагаан идээг үйлдэх ур ухаан олон зууны туршид өөрчлөгдөж хувиралгүй, үеэс үед дамжин, уламжлагдан, хадгалагдан ирсэн түүхтэй. Тийм ч учраас Монгол хүний гэдэсний бичил биетний бүрэлдэхүүнийг судлан тогтоож, хооллолтын байдалтай нь холбон судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Насанд хүрсэн Монгол хүний гэдэсний микробиом дахь хэвийн бичил биетний эзлэх хувийг тогтоож, хоол хүнсний хэрэглээ хэрхэн нөлөөлж байгааг судлах. Арга, аргачлал: Бид судалгаагаа 2020-2023 оны хооронд бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг 50, хотод оршин суудаг 50 оролцогчийг хамруулсан. Хүнсний асуумжийг ерөнхий асуумжийн 5 бүлэг (60 асуулт), хүнсний хэрэглээний давтамжийн талаар 11 бүлэг (215 асуулт), нийт 16 бүлэгтэй 275 асуулттай боловсруулж судалгааг авсан. Өтгөний дээжийг Герман улсын Макс Планкийн Хүн Төрөлхтний Түүхийн Хүрээлэнгийн Археогенетикийн лабораторид Illumina NGS төхөөрөмжийн тусламжтайгаар бактерийн бүтэн геномын дарааллыг тогтоосон. Статистикийн R программ болон MetaPhlAn хэрэглүүрийг ашиглан өгөгдлийн шинжилгээг хийж, бичил биетнийг зүйлийн түвшинд тодорхойлсон. Хот, хөдөөгийн хамрагдагсдын микробиомын ялгаа болон хооллолтын байдлын хамаарлыг SPSS-25 программаар боловсруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 51%ийг эрэгтэйчүүд, 49%-ийг эмэгтэйчүүд эзэлж, дундаж нас 42.4±14.3, БЖИ 26.6±4.9 кг/м2 байв. Хүнсний бүлэг тус бүрээр хоногийн хэрэглээг харьцуулахад хотоос хамрагдсан хүмүүс хөдөөгөөс хүнсний ногоо, жимсний хэрэглээгээр 6 дахин, махны хэрэглээгээр 3 дахин их байна. Ялангуяа айраг, хоормогийн хэрэглээ Булган аймгаас хамрагдсан хүмүүст өндөр байв. Дүгнэлт: Хот болон хөдөөгийн хүмүүсийн микробиомд Prevotella энтеротипийн хэлбэр түгээмэл байна. Actinobacteria-ийн хүрээний 99%-ийг Bfidobacterium-ийн төрөл зүйл эзэлж байна. Монгол хүний өтгөнд бифидобактери 4.3 дахин их, сүүн хүчлийн бактери 10 дахин их хэмжээтэй илэрсэн. Хөдөө болон хотоос хамрагдсан хүмүүсийн өтгөний ашигтай бактерийн хэмжээг харьцуулахад гэдэсний сүүн хүчлийн бактерийн тоон хэмжээ хөдөөд 60 дахин их, бифидобактерийн зүйлийн бүрдлийн олон янз байдал 2.9 дахин илүү байв. Эдгээр онцлог нь бэлчээрийн малын гаралтай мах, махан бүтээгдэхүүн, уламжлалт сүү цагаан идээ хэрэглэж буйтай холбоотой микробиомын онцлог шинж гэж үзэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Х.Сэр-Од, Д.Даваалхам, Т.Хосбаяр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл