Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчийн амьдралын чанар, ачааллын хамаарлын судалгаа
Түлхүүр үг:
Ачаалал, Амьдралын чанар, Асран хамгаалагчХураангуй
Үндэслэл: Монгол Улсыг бусад улс оронтой харьцуулахад хөгжлийн бэрхшээлийн түвшин харьцангуй бага (1000 хүн амын дунд 8.4 -13.2%) боловч гэр бүлийн нэг гишүүн нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй байх нь асран халамжлагчийн бие бялдар, сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлж, амьдралын ерөнхий түвшин буурахад хүргэдэг. Манай оронд өнөөгийн байдлаар оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүний асрахуй, сувилахуй, өөртөө үйлчлэх чадварын түвшин, асран хамгаалагчийн ачаалал, амьдралын чанарыг үнэлсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийн амьдралын чанар, ачаалал хоорондын хамаарлыг судлахад оршино. Арга, аргачлал: Судалгааг Улаанбаатар хотын 8 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийг түшиглэн 642 үйлчлүүлэгчийн асран хамгаалагчийг зорилтот түүврийн аргаар сонгон, асуумж судалгаа авсан. Асран хамгаалагчийн ачааллыг Буренс Заритын асуумж, амьдралын чанарыг WHOQOL-BREF асуумжаар үнэлэсэн. Судалгааны зөвшөөрөл авсны үндсэн дээр хэмжилтийг хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS 25.0 програм ашиглан хийлээ. Үр дүн: Асран хамгаалагчийн дундаж нас 52.6±13.2, 23.1% нь эрэгтэйчүүд байна. Асран хамгаалагчдын 36.3% нь тэтгэвэрт гарсан, 34.6% нь ажилгүй байлаа. Асран хамгаалагчдын амьдралын чанарын үнэлгээнд бие бялдрын үзүүлэлтийн дундаж утга 54.4±12.6, сэтгэл зүйн дундаж үзүүлэлт 58.5±12.2, нийгмийн харилцаа 65.0±16.8, хүрээлэн буй орчны хувьд 66.8±13.7 байна. Асран хамгаалагчдын сэтгэл санааны амьдралын чанар нь ачаалалтай урвуу хамааралтай байв (-0.21; 95% CI: -0.33, -0.09; p = 0.001). Асран хамгаалагчийн ачаалал нь амьдралын чанарын орчинтой эерэг хамааралтай байна (0.21; 95% CI: 0.10; 0.33; p<0.001). Харин амьдралын чанарын бие бялдрын болон нийгмийн харилцааны үзүүлэлтийн хувьд ачаалалтай статистик ач холбогдол бүхий хамааралгүй байна. Дүгнэлт: Асран хамгаалагчийн ачаалал нэмэгдэх тусам амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, асруулагчийн өдөр тутмын өөртөө үйлчлэх чадвар муу байх тусам асран хамгаалагчийн ачаалал нэмэгдэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Р.Оргилмаа, Н.Наранбаатар, Д.Мягмарцэрэн, З.Хишигсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
