Эм зүйч, эм найруулагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын эмпати ур чадварыг тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Б.Пүрэвжаргал АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Д.Жамбанинж АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • П.Мандахнаран АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Бусдыг ойлгох чадвар, Эм зүй, Мэргэжилтэн, Жефферсоны асуумж

Хураангуй

Үндэслэл: Дэлхий дахинд эм зүйн тусламж үйлчилгээний чиг хандлага өөрчлөгдөж эм зүйч нь эмчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багийн нэг гишүүн болж ажиллах болсон. Эмпати ур чадвар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндэс суурь болдог. АНУ-ын эм зүйн боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлөөс гаргасан стандартад эм зүйн сургалтын хөтөлбөрт эмпати ур чадварыг оруулсан ба ач холбогдлыг нь хүлээн зөвшөөрч, эмчлүүлэгч төвтэй эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг гэж үзсэн байна. Анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад эмпати ур чадварыг хөгжүүлэх нь чухал юм. Монгол улсад эм зүйч болон эм зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын эмпати чадварын талаар хийгдсэн судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эм зүйн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын эмпати ур чадварыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд АШУҮИСийн Эм зүйн сургуулийн эм зүйч, эм найруулагч хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудыг хамруулан дескриптив судалгааны нэг агшингийн загвараар асуумжийн аргаар хийж гүйцэтгэсэн. Судалгаандаа Олон улсын эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын эмпатиг үнэлдэг JSE-HPS асуумжийг ашигласан. Судалгааны мэдээллийг Microsoft Excel программаар нэгтгэж, үр дүнд SPSS-26 программыг ашиглаж, статистик боловсруулалтыг хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдыг суралцаж буй мэргэжлийн хөтөлбөрөөр нь ангилж үзэхэд эм зүйч (2+3) хөтөлбөрөөр суралцагч 55.17% (80), эм зүйч (3+3) хөтөлбөрөөр суралцагч 17.2% (25), эм найруулагч хөтөлбөрөөр суралцагч 27.6% (40) эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын нас 18-40 жил, дундаж нас 22 (90) жил, хүйсийн хувьд дийлэнх нь буюу 91.7% (133) нь эмэгтэй оюутан эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын дундаж оноог асуулт тус бүрээр нь авч харьцуулж үзэхэд эмпати ур чадвар нь үйлчлүүлэгчдийн эмчилгээнд чухал хүчин зүйл болдог гэдэгт би итгэдэг (Асуулт 5) үзүүлэлтийн дундаж оноо хамгийн өндөр байна. Мөн үйлчлүүлэгчээс амьдралд нь юу тохиолдсоныг асуух нь биеийн байдлыг ойлгоход тус болдог (Асуулт 11) гэсэн асуултуудад хариулсан нь эм зүйч (2+3) хөтөлбөрийн оюутнууд 3.34 буюу хамгийн өндөр оноог, эм зүйч (3+3) хөтөлбөрийн оюутнууд 3.0 оноо, эм найруулагч хөтөлбөрийн оюутнууд хамгийн бага буюу 2.53 оноог өгсөн байна (p<0.01). Нийт оноог нас, хүйс, гэрлэлтийн байдалтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий өөрчлөлтгүй байгаа нь (p<0.909) тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн эм зүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрөөр суралцаж байгаа төгсөх дамжааны оюутнуудын эмпати чадварыг JSE-HPS –ийн асуумжаар авсан судалгааны дүнгээс харахад оюутнуудын эмпати чадвар харилцан адилгүй тархацтай бөгөөд цаашид энэ чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 2. Оюутнуудын эмпати чадвар нь нас, хүйс, гэрлэлтийн байдалтай урвуу хамааралтай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Жамбанинж, П.Мандахнаран

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл