Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалахад хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгарч буй бэрхшээлийг судалсан дүн

Зохиогчид

  • Г.Надмидцэрэн АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, ЭМНАНУТ , Удирдлагын академи, Удирдлагын ухааны сургууль Зохиогч
  • Г.Золжаргалан АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, ЭМНАНУТ Зохиогч
  • Ч.Аззаяа АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, ЭМНАНУТ Зохиогч
  • Х.Нансалмаа АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, ЭМНАНУТ Зохиогч
  • А.Ган-Эрдэнэ АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, ЭМНАНУТ Зохиогч
  • М.Сугармаа АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, ЭМНАНУТ Зохиогч

Түлхүүр үг:

Өөрийн үнэлгээ, Урьдчилан сэргийлэлт, Эмчилгээ, Дэмжлэг, Бэрхшээл

Хураангуй

Үндэслэл: Эрүүл мэндийн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, ажлын байр нь баталгаатай байх, урамшуулах, дэмжих үүрэг улс орнуудын Засгийн газрын өмнө тулгарч байна. Иймд өргөн уудам нутаг дэвсгэртэй, зарим аймаг сум аймгийн төвөөс хүртэл алслагдсан, хүний нөөц харьцангуй бага, эрүүл мэндийн салбарын 5 ажилтан тутмын 4 нь эмэгтэй байдаг манай орны хувьд хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн өвөрмөц бодлогыг хэрэгжүүлэх, ялангуяа нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Монгол Улсад 2022 оны 5 сарын байдлаар Эрүүл мэндийн салбарын 4,952 байгууллагад 58,696 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагийн 12,970 нь эмч, 13,473 нь сувилагч байна. Эдгээрийн 80.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. МУЗГ-ын тогтоолоор 2019 оны 5 дугаар сард Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн. Зорилго: Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэнд, түүнийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судлах. Арга, аргачлал: Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэнд, түүнийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судлахдаа хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын 655 эрүүл мэндийн ажилтныг хамруулж,өөрийн эрүүл мэндийг үнэлэх стандарт асуумж, 47 байгууллагын удирдлага болон мэргэжилтнүүдтэй ганцаарчилсан ярилцлага, 5-13 хүний бүрэлдэхүүнтэй 30 удаагийн фокус бүлгийн ярилцлагаар ажилтны эрүүл мэндийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судаллаа. Үр дүн: Нийт ажилтнуудын 54.3 хувь нь өөрийн эрүүл мэндийг дунд болон муу гэж үнэлсэн, 32.7 хувь (214) нь сүүлийн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч байсан байна. Байгууллагууд өөрийн дотоод нөөц боломждоо тулгуурлан ажилтнуудаа урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах нь нийтлэг байгаа ч лавлагаа шатлалын эмнэлэгт зохион байгуулалттай үзлэг, оношлогоо, нарийвчилсан шинжилгээнд хамруулах, байгууллагын нөөцдөө тулгуурлан эмчилгээнд ялгаатай хамруулж байна. Хот, хөдөөгийн анхан шатны байгууллага, БОЭТ, төрөлжсөн тусгай мэргэжлийн төвүүдэд ажилтны эрүүл мэндтэй холбоотой олон бэрхшээл байна. Дүгнэлт: Эрүүл мэндийн ажилтнуудын 2 хүн тутмын 1 нь өөрийн эрүүл мэндийг дунд болон муу гэж үнэлсэн. ЭМАнуудыг урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах, эмчилгээнд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь байгууллага бүрт харилцан адилгүй чанартай, нэгдсэн зохион байгуулалтгүй, эрүүл мэндийн ажилчдад зориулсан эмнэлэггүйгээс ажилтнууд эрүүл мэндийг хамгаалж буй байдлыг хангалтгүй байгаа нь тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Надмидцэрэн, Г.Золжаргалан, Х.Нансалмаа, М.Сугармаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-11-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл