Шээсний ариун чанарын шинжилгээний үр дүн хадгалах хугацаанаас хамаарах нь
Түлхүүр үг:
Шээсний ариун чанар, Шинжлэгдэхүүнийг хадгалах, Шинжилгээний хариу хадгалах хугацааХураангуй
Үндэслэл: Шээс дамжуулах замын халдвар нь дэлхий даяар жил бүр 150 сая хүнд тохиолддог хамгийн түгээмэл халдваруудын нэг ба грам сөрөг болон эерэг бактери, түүнчлэн зарим төрлийн мөөгөнцөрөөс шалтгаалдаг.1,2 АНУ-д жилдээ 7 сая орчим хүн ямар нэгэн өвчин эмгэгийн улмаас эмчид хандаж байгаагаас 1 сая орчим нь шээс дамжуулах замын халдварт өвчний оноштой байдаг бөгөөд үүнээс дийлэнх нь давсагны цочмог үрэвсэл, 250,000 орчим нь цочмог пиелонефриттэй гэсэн судалгаа байна.3,4 Шээс дамжуулах замын халдвар нь амбулатороор үйлчлүүлэгсдэд тохиолддог хамгийн түгээмэл халдвар бөгөөд 3 эмэгтэй тутмын 1 нь 24 нас хүртлэх насандаа антибиотик эмчилгээ хийлгэх шаардлагад хүрдэг, насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 50–60% нь амьдралынхаа туршид энэхүү халдвараар дор хаяж 1 удаа өвчилсөн байдаг.5,6 Шээсний замын халдварт өвчнийг шээсний ерөнхий шинжилгээ, микроскопи шинжилгээ, шээсний ариун чанарын шинжилгээнд тулгуурлаж оношлодог.7 Өөрөөр хэлвэл шээсний замын халдварт өвчнийг шээсний ариун чанарын шинжилгээгээр баталж, эмчилгээг тодорхойлдог байна. Шээсний сорьц нь хучуур эс, хэвлийн хөндийн болон үтрээний эсүүдээр амархан бохирлогддог. Шээсийг зөв цуглуулах, хадгалах, тээвэрлэх зэрэг шинжилгээний өмнөх шатыг сайтар анхаарч үзэх нь эдгээр бохирдлоос сэргийлэх хамгийн өндөр үр дүнтэй арга юм.3 Үйлчлүүлэгчийн шээсний сорьцод нянгийн тоо өсөх эрсдэлээс сэргийлж сорьцыг хөргөгчинд эсвэл хадгалалтын бодист хийгээгүй тохиолдолд сорьцыг цуглуулснаас хойш хоёр цагийн дотор шинжилгээнд хамруулах ёстой. Ингэснээр хуурамч эерэг хариу гарах, антибиотикийн зохисгүй хэрэглээг бууруулахад шууд нөлөөтэй хэмээн үздэг.8 Зорилго: Шинжилгээний өмнөх үе шатанд тохиох алдаа болох шинжлэгдэхүүний хадгалалтын хугацааны хамаарлыг шээсний ариун чанарын шинжилгээнд тулгуурлан тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг туршилт судалгааны загвараар УНТЭ-ийн Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лабораторийг түшиглэн гүйцэтгэсэн ба 2020 оны 10 дугаар сарын 8-аас 2021 оны 2 дугаар сарын 10-ны хугацаанд тус лабораторид шээсний шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчдээс санамсаргүй түүврийн аргаар 61 сорьцыг сонгож тасалгааны хэмд хадгалж, 1, 2, 3 цагийн зайтай шээсний ерөнхий шинжилгээ болон нян судлалын шинжилгээнд хамруулав. Үр дүн: Нитритын агууламж 3 цагийн дотор ямар нэг өөрчлөлт үзүүлээгүй бол нян судлалын шинжилгээгээр 103 КҮН/мл нянгийн ургалттай нийт сорьцуудын 42.8% нь 3 цагийн дотор нянгийн өсөлт ажиглагдаагүй. Харин 28.5% нь 2 цагийн дараа нянгийн тоо 104 КҮН/мл болж өссөн, мөн 28.5% нь 3 цагийн дараа нянгийн тоо 104 КҮН/мл болж өсжээ. Харин нянгийн ургалтгүй нийт сорьцын 9.0% нь 2 болон 3 цагийн дараа 103 КҮН/мл нянгийн ургалттай болж бохирлогдсон байна. Дүгнэлт: 1. Шээсийг 1 болон 3 цаг тасалгааны хэмд хадгалахад нитритын агууламжинд ялгаа ажиглагдсангүй. 2. Шээсний нян судлалын шинжилгээг 1 болон 3 цагаар харьцуулахад нянгийн ургалтгүй сорьцонд 3 цагийн дараа нян өсгөвөрлөгдөж байгаа нь бохирдол үүсч байгааг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Бадмаараг, А.Аварзэд, С.Чимидцэрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
