Шизофренитэй эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдалд нөлөөлөх зарим хүчин зүйлс

Зохиогчид

  • М.Елик АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • М.Акерке АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эмийн гаж нөлөө, Сэтгэцийн эмгэг, Эмнэлзүйн хэлбэр, Солиорлын эсрэг эм

Хураангуй

Үндэслэл: Шизофрени нь хүний сэтгэж танин мэдэхүй, мэдэрч танин мэдэхүй, зоригийн үйл ажиллагаа зэрэг сэтгэцийн олон үйл ажиллагааны өөрчлөлтөөр илэрдэг сэтгэцийн архаг өвчин. Дэлхий дахинаа 300 хүн тутмын нэг нь шизофренигээр өвчилдөг бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 50%-ийг эзэлдэг гэж үздэг. Манай улсын хувьд СЭМҮТ-ийн амбулаторийн хяналтанд 1283 эмчлүүлэгч байгаа нь нийт эмчлүүлэгчдийн 18.9%-ийг эзэлж байна. Манай орны нөхцөлд сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөөний талаар зарим нэг судалгаа хийгдсэн боловч эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар хангалттай судлагдаагүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Шизофренитэй эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдал, нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, санамсаргүй түүврийн аргийг сонгон, асуумж судалгааны аргаар 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд СЭМҮТ-ийн амбулатори, клиникүүдийг түшиглэн хийсэн. Судалгаа хийх ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 02 дугаар сарын 17 өдрийн хурлаар (2023-03-02) хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авсан ба эмчлүүлэгчдээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар дамжуулан зөвшөөрөл авч гарын үсгээр баталгаажуулан судалгааны картанд хавсаргасан. Судалгааны үр дүнг компьютерийн Microsoft Word, Microsoft Excel, STATA 14 программыг ашиглан тойм болон нарийвчилсан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд 18-79 насны нийт 209 шизофренитэй эмчлүүлэгч хамрагдсанаас эрэгтэй 47.4% (n=99), эмэгтэй 52.6% (n=110), хүйсийн харьцаа (1:1.1) байв. Судалгаанд хамрагдсан шизофренитэй эмчлүүлэгчдийн өвчин анх эхэлсэн дундаж нас 23.5±7 жил (11-48 нас) байсан бол эмнэлгийн хяналтанд байгаа жилийн дундаж нь 21.04±13.2 (1-58 жил), өвчин үргэлжилж буй дундаж хугацаан нь 21.04±13.2 (1-58 жил) байв. Шизофренитэй эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдлыг Морскийн сорилоор үнэлэхэд 1.5% (n=3) нь сайн, 52.6% (n=110) нь дунд зэрэг, 45.9% (n=96) нь эмийн эмчилгээний дэглэм муу баримталдаг (Кронбах α=0.781) байна. Эмчилгээтэй холбоотой нөлөөлөх зарим хүчин зүйлсийг эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдалтай харьцуулан судлахад 61.7% (n=129; p=0.001) нь байнга эм уух нь биед хортой гэж боддог, 32.1% (n=67; p=0.000) нь ихэнх тохиолдолд эмээ уухаа мартдаг, эмийн хэрэглээний талаар хэнээс зөвлөгөө авдаг эсэх (p=0.001) нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан бол 13.9% (n=29) нь өдөрт олон удаа эм уух нь төвөгтэй байдаг, 15.3% (n=32) нь гаж нөлөө тод илэрдэг учир бусдаас ичдэг, 49.8% (n=104) нь эмийн гаж нөлөө их учир өөрт төвөгтэй байдаг, 32.1% (n=67) нь мөнгөний боломжгүйгээс эм худалдан авч чаддаггүй гэж хариулсан ба статистик 0 таамаглалтай буюу эмчилгээний дэглэм баримтлах байдалд хамааралгүй байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан шизофренитэй эмчлүүлэгчдийн 98.5% нь эмийн эмчилгээний дэглэмийг дунд зэрэг болон муу баримталж байна. Эмийн эмчилгээний дэглэм баримтлахад гэр бүлийн гишүүдийн тусламж дэмжлэг сайнаар нөлөөлдөг бол эмчлүүлэгчдийн байнга эм уух нь биед хортой гэж боддог нь эмийн эмчилгээний дэглэм баримтлахад сөргөөр нөлөөлж байна гэж тамаглаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-11-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл