Тусгай хүчний командлалын цэргийн алба хаагчдын дундах хеликобактерийн халдвар, ходоодны салстын эдийн шинжилгээний өөрчлөлтийг судалсан нь

Зохиогчид

  • Я.Мөнх-Эрдэнэ АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим , Цэргийн төв эмнэлэг Зохиогч
  • Д.Даваадорж АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Цэрэг, Арми, Шархлаа, Уреазын сорил

Хураангуй

Үндэслэл: Дэлхий дахинд жил бүр насанд хүрсэн нийт хүн амын 6-10% нь ходоод, дээд гэдэсний шархлаа өвчнөөр өвчилдөг ба 80% нь хеликобактерийн шалтгаантай гэдэг нь тогтоогдсон ба нийт хүн амын 50% нь хеликобактераар халдварлагдсан байна. Цэргийн алба хаагчдын амьдралын хэв маягаас шалтгаалан хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг нийтлэг тохиолддог бөгөөд нийт хүн амаас илүү ялгаатай өртдөг болохыг судлаачид тогтоосон байдаг. Монгол улсад энэ чиглэлээр судалсан судалгааны ажил цөөн байна. Зорилго: Тусгай хүчний командлалын цэргийн алба хаагчдын дундах хеликобактерийн халдварын тохиолдлыг уреазын түргэвчилсэн сорил, эдийн шинжилгээгээр тодорхойлж, ходоодны салстын өөрчлөлтийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны хооронд Монгол улсын Зэвсэгт хүчний тусгай хүчний командлалын цэргийн ангиудыг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгааны мэдээ материалыг хоол боловсруулах дээд замын дурангийн шинжилгээ, лаборатори ба эдийн шинжилгээ, хоол боловсруулах замын өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсийн асуумжаар цуглуулсан. Хеликобактерийн халдварыг дурангийн шинжилгээнд суурилж уреазын сорилоор тодорхойлсон. Ходоодны салстын эдийн эмгэг өөрчлөлтийг хоол боловсруулах дээд замын дурангийн шинжилгээ хийж, ходоодны 5 байрлалаас эдийн шинжилгээ авч үнэлсэн. Үр дүн: Судалгаанд 19-58 насны 116 цэргийн алба хаагч хамрагдсан бөгөөд оролцогчдын дундаж нас 33±7.9 жил, 73.3% (n=85) нь эрэгтэй албан хаагч байв. Уреазын түргэвчилсэн шинжилгээний дүнгээр 53.4%-д хеликобактерийн халдвар эерэг тодорхойлогдсон. Эдийн шинжилгээний дүнгээр нийт тохиолдлын 67.2%-д хеликобактерийн халдвар оношлогджээ. Хеликобактерийн халдвартай тохиолдлын 44.9% нь ходоодны салстын хатангиршил оношлогдсон байгаа нь халдваргүй алба хаагчдаас статистик ач холбогдол бүхий өндөр үзүүлэлт болж байв. Түүнчлэн ходоодны булчирхайн гэдэсжилт метаплази нь хеликобактерийн халдвартай тохиолдлын 46.2%-д илрэв (p=0.021). Дүгнэлт: Судалгаанд оролцсон алба хаагчдын дундах хеликобактерийн халдвар уреазын түргэвчилсэн сорилоор 53.4%-д эерэг, эдийн шинжилгээгээр 67.2%-д оношлогдсон нь энгийн хүн амын халдварын тархалтаас өндөр байна. Хеликобактерийн халдвартай цэргийн алба хаагчдын дунд ходоодны булчирхайн гэдэсжилт метаплази өөрчлөлтийн тархалт өндөр байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваадорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл