Аллоксаны чихрийн шижинтэй хулганад хусны онгол (inonotus obliquus)-ын усан хандны үзүүлэх нөлөөг судалсан дүн
Түлхүүр үг:
Inonotus obliquus, Aллоксаны чихрийн шижин, Лангергансийн аралХураангуй
Үндэслэл: Чага буюу хусны онгол нь хус модонд ургадаг шимэгч мөөг бөгөөд ардын анагаах ухаанд олон өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг. Хусны онголын хавдрын эсрэг болон антиоксидант, антигипергликемик идэвхийн судалгаа олон нийтлэгдсэн байдаг. Манай орны хувьд өөрийн оронд ургадаг хусны онголын антигипергликемик идэвхийг судалсан судалгааны ажил хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Аллоксаны чихрийн шижинтэй хулганыг хусны онголын усан хандаар эмчилсний дараах цусан дахь глюкоз, инсулин, өөх тос, болон нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсгийн бичил бүтцийг судлах. Арга, аргачлал: C57BL/6 үүлдрийн 20±2 грамм биеийн жинтэй хулганад (200мг/кг тунгаар) Аллоксан моногидратыг хэвлийн хөндийд тарьж, чихрийн шижингийн эмгэг загварыг үүсгэн хусны онголын усан ханд (500мг/кг) болон инсулатардаар (0.6ОУН) 4 долоо хоног эмчилж, биеийн жин, өлөн үеийн глюкоз, глюкоз тэвчил, ийлдэсийн инсулин, липидын бүрдлүүдийн хэмжээг тодорхойлж, нойр булчирхайн эдийн бүтцийг үнэлсэн. Үр дүн: Хусны онголын усан ханд болон инсулатард хэрэглэснээр чихрийн шижинтэй хулгануудын биеийн жингийн алдагдал засарч, ийлдсийн инсулины түвшин нэмэгдэж, цусан дахь глюкозын хэмжээ буурсан. Глюкоз тэвчилийн сорилоор (IPGTT) хусны онголын усан ханд болон инсулатард хэрэглэсэн аллоксаны чихрийн шижинтэй хулгануудад глюкозын гомеостаз сайжирч, цусан дахь сахарын хэмжээ буурсан болохыг баталсан. Инсулатардаар эмчилсэн бүлгийн нэгэн адил хусны онголын усан хандаар эмчилсэн бүлгийн хулганы ийлдэсийн холестерин, триглицерид, БНЛП-ийн хэмжээ хяналтын бүлэгтэй харьцуулахад буурсан (ХЛ 25.56%, ТГ 41.54%, БНЛП 27.1%, P<0.01) ялгаа ажиглагдсан, бол ИНЛП-ийн хэмжээ үнэн магадтай ихэссэн (ИНЛП 78.43%, P<0.01) байлаа. Нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсэг болох Лангергансын аралын тоо, хэмжээ хэвийн, бүтэц хадгалагдсан дүр зураг эмчилгээний бүлгийн хулганы бичил бүтцийн шинжилгээгээр нийтлэг ажиглагдсан. Дүгнэлт: Хусны онголын усан ханд нь аллоксаны чихрийн шижинтэй хулганы биеийн жингийн алдагдал, өлөн үеийн ийлдсийн глюкоз, холестерин, триглицерид, БНЛП-ийн хэмжээг бууруулж, ИНЛПийн хэмжээг нэмэгдүүлж, нойр булчирхайд гарсан эсийн гэмтлийг багасгаж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Нямсүрэндэжид, Г.Доржжагдаг, Д.Амгаланбаатар, Д.Шинэ-Од
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
