Эмнэлгийн мэргэжилтнүүдийн өндөр эрсдэлт эмийн талаарх мэдлэгийг судалсан дүн
Түлхүүр үг:
Эмийн аюулгүй байдал, Эмийн алдаа, Өндөр эрсдэлт эмХураангуй
Үндэслэл: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд өдөрт нэг удаа эмийн алдаа тохиолддог болохыг судлан тогтоосон байна. Эмийн алдаанаас үүдэлтэй нийт нас баралтын 80 орчим хувь нь өндөр эрсдэлт эмийн алдаанаас үүдэлтэй байдаг бөгөөд алдааны гол шалтгаануудад өндөр эрсдэлт эмийн талаарх эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг дутмаг байгаатай холбоотой байна. Зорилго: Эмнэлгийн мэргэжилтнүүдийн өндөр эрсдэлт эмийн талаарх мэдлэгийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд төрөлжсөн мэргэжлийн болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг нийт 781 эмч, сувилагч, эм зүйчдийг хамруулж, нэг агшингийн загвараар судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааны мэдээллийг нийт 33 асуулт бүхий судалгааны карт ашиглан цуглуулж, үр дүнгийн статистик боловсруулалтыг хийлээ. Үр дүн: Судалгаанд 347 (44.4%) эмч, 389 (49.8%) сувилагч, 45 (5.8%) эм зүйч хамрагдсан. Судалгаанд оролцогчдын 461 (59%) нь өндөр эрсдэлт эмийн талаарх мэдлэг хангалтгүй байв. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн өндөр эрсдэлт эмийн талаарх мэдлэгийн түвшин нь мэргэжил, мэргэжлийн зэрэг, ажилладаг тасаг, ажлын цагийн хуваарь (P<0.05) зэргээс хамаарч статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан. Судалгаанд оролцогчдын 248 (31.8%) нь өндөр эрсдэлт эмийн сургалтад хамрагдсан байгаа нь эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт, мэдээлэл зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. Дүгнэлт: Эмнэлгийн мэргэжилтнүүдийн өндөр эрсдэлт эмийн талаарх мэдлэг хангалтгүй байна. Эмч, сувилагч нарын өндөр эрсдэлт эмийн талаарх мэдлэг эм зүйчтэй харьцуулахад бага байна. Иймд өндөр эрсдэлт эмийн талаарх мэдээлэл сургалтыг сайжруулах, эмчлүүлэгчийн ба тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах тасралтгүй сургалтын хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
