Шинж тэмдэггүй цөс чулуужих өвчин оношлогдсон үйлчлүүлэгчийн цөсний хүүдий авхуулсны дараах амьдралын чанарын судалгаа

Зохиогчид

  • С.Долгормаа АШУҮИС, Эрдмийн сургууль Зохиогч
  • Д.Бадамсүрэн Интермед эмнэлэг Зохиогч
  • Ц.Сарнай АШУҮИС, Эрдмийн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Цөс чулуужих өвчин, Мэс засал эмчилгээ, Амьдралын чанар

Хураангуй

Үндэслэл: Дэлхий даяар болон манай улсын хүн амын дунд цөс чулуужих өвчний тархалт өндөр байгаатай холбоотой цөсний хүүдий авах мэс заслын тоо буурахгүй байна. Монголчуудын хувьд Шинж тэмдэггүй цөс чулуужих өвчин оноштой үйлчлүүлэгч цөсний хүүдий авах мэс засал хийлгэх асуудал одоог хүртэл маргаантай байна. Зорилго: Шинж тэмдэггүй цөс чулуужих өвчин оношлогдсон үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг цөсний хүүдий авах мэс засал эмчилгээний өмнө болон дараа харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд шинж тэмдэггүй цөс чулуужих өвчин оношлогдсон 128 үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг проспектив эмнэлэгт суурилсан ажиглалтын судалгааны аргаар цөсний хүүдий авах мэс засал эмчилгээний өмнө болон дараа үнэлж, дагаж судалсан. Цөсний хүүдий авах мэс заслын өмнө болон дараах амьдралын чанарыг SF–36 асуумжаар үнэлсэн. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг IBM SPSS-26 программыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд шинж тэмдэггүй цөс чулуужих өвчин оношлогдож цөсний хүүдий авхуулах мэс засалд орсон 25-84 насны 128 эмчлүүлэгч хамрагдсан. Судалгаанд оролцогсдын дундаж нас 52.3±12.5 жил, хүйсийн хувьд 19.5% (n=25) нь эрэгтэй, 80.5% (n=103) нь эмэгтэй байв. Шинж тэмдэггүй цөс чулуужих өвчин оношлогдсон эмчлүүлэгчийн биеийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанар мэс заслын өмнө 88.7±9.4 хувь, мэс заслын дараа 84.0±9.6 хувь байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p=0.000). Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанар мөн адил мэс заслын дараа статистик ач холбогдол бүхий буурсан байв (p=0.000). Цөсний хүүдий авах мэс заслын дараах амьдралын чанар буурсан байна. Дүгнэлт: Шинж тэмдэггүй цөс чулуужих өвчин оношлогдсон, цөсний хүүдий авах төлөвлөгөөт мэс заслын дараа эмчлүүлэгчдэд биеийн эрүүл мэнд болон сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанар буурсан байгаа нь тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл