Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээнд нөлөөлөх хүчин зүйлс судалсан дүн
Түлхүүр үг:
Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл, Гэр бүл төлөвлөлт, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдХураангуй
Үндэслэл: Дэлхий дахинд 2020 оны байдлаар гэр бүл төлөвлөлтөд хамрагдах шаардлагатай эмэгтэйчүүдийн 14.2% нь жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийг (ЖСАХ) хэрэглэж чаддаггүй болохыг судлаачид дурьдсан байна. 2021 онд Монгол улсын хэмжээнд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 49.3% ЖСАХ хэрэглэдэг байна. ЖСАХ-ийг хэрэглэх нь хэт эрт эсвэл хожуу жирэмслэхээс сэргийлэх, төрөлт хоорондын зайг төлөвлөх, хүүхдийн тоог хязгаарлах ач холбогдолтой. Манай улсад нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн ЖСАХ-ийн хэрэглээг насны бүлгээр нь харьцуулан гаргаж, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээ, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны аргаар Улаанбаатар хотын анхан ба лавлагаа шатны эмнэлгүүдийг түшиглэн хийж гүйцэтгэлээ. Судалгааны мэдээ материалыг урьдчилан бэлтгэсэн асуумжийн хуудсаар цуглуулав. p утга 0.05-аас бага тохиолдолд статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд Улаанбаатар хотын 15-49 насны 509 эмэгтэй хамрагдсан, дундаж нас 28.4±9.7 жил байв. Эмэгтэйчүүдийн ЖСАХ-ийн хэрэглээ 45.6% байв. ЖСАХ-ийн хэрэглээ нь эмэгтэйн нас, гэрлэлтийн байдал, боловсролын зэргээр статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p=0.000). Өрхийн орлого 600’000-аас доош эмэгтэйчүүдийн хэрэглээ 1.5 дахин бага байна. Гэрлэсэн эмэгтэйчүүд гэрлээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад 5.8 дахин их (OR:5.8, 95% ИИ:2.4-13.9, p<0.001), өмнө нь ЖСАХ хэрэглэхэд татгалзах асуудал тулгарч байгаагүй эмэгтэйчүүд 2.1 дахин (OR:2.1, 95% ИИ:1.15-3.84, p=0.015), нөхөр/хамтран амьдрагчийн дэмжлэг авч байсан эмэгтэйчүүд 2.8 дахин илүү хэрэглэж байв (OR:2.8, 95% ИИ:1.96-4.25, p<0.001). Дүгнэлт: 1. Ерөндөг, эрэгтэй бэлгэвчийн хэрэглээ нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд өндөр байна. Өсвөр насны охид, залуу эмэгтэйчүүдийн (15-24 нас) ЖСАХ-ийн хэрэглээ бусад насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад бага байна. 2. Эмэгтэйн ЖСАХ-ийн хэрэглээнд нас, өрхийн орлого, боловсролын түвшин, гэрлэлтийн байдал нөлөөлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Шийрэвнямба
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
