Тамирчдын өвдөгний үений дотно хажуугийн холбоосны хавсарсан гэмтлийг жүдо бариа заслаар эмчилсэн үр дүн
Түлхүүр үг:
Жүдо бариа засал, Өвдөгний үений дотно хажуугийн холбоос, Гэмтэл, ЭмчилгээХураангуй
Үндэслэл: Спортоор хичээллэдэг хүмүүс болон тамирчдын дунд бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдааны үед өвдөгний үеэр хүчтэй мушгирах, хөшигдөж дарагдсаны улмаас өвдөгний үений тогтвортой байдлыг хангаж байдаг гол холбоосууд болох урд чагтан холбоос, дотно, гадна хажуугийн холбоос, өвдөгний үений жийргэвч мөгөөрсний гэмтлүүд үүсэх нь хамгийн түгээмэл байдаг.1,2 Өвдөгний урд, хойд чагтан холбоосны гэмтэл өвдөгний нийт гэмтлийн 50-70%-ийг эзэлдэг бол дотно хажуугийн холбоосны гэмтэл нь 43-52%-ийг эзэлдэг болохыг тогтоосон байна.3 Өвдөгний дотно хажуугийн холбоосны гэмтлийг эмчлэхдээ гэмтлийн зэрэг, байршлаас нь хамаарч мэс заслын болон мэс заслын бус эмчилгээний аргуудаас сонгодог. Тамирчдын өвдөгний үений дотно хажуугийн холбоосны 1, 2-р зэргийн хавсарсан гэмтлийг мэс заслын бус эмчилгээний арга болох жүдо бариа засал эмчилгээний үр дүнг судалсан судалгааны ажил манай улсад хараахан хийгдээгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Тамирчдын өвдөгний үений дотно хажуугийн холбоосны 1, 2-р зэргийн хавсарсан гэмтлийн жүдо бариа заслын эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны загвараар АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Төв эмнэлгийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд хөл бөмбөг, жүдо болон бусад спортын тамирчдаас өвдөгний дотно хажуугийн холбоосны 1, 2-р зэргийн хавсарсан гэмтэлтэй 16-35 насны 30 тамирчин хамрагдсан. Үр дүн: Өвдөлтийг үнэлэх харааны үнэлгээ VAS, өвдөгний үений нугалах тэнийлгэх далайц, өвдөгний үений тогтвортой байдал тэнцвэрийг үнэлж үр дүнг тооцоход VAS өөрчлөлт нь 67.4±25.1мм байснаас 9.0±1.6мм болж өвдөлтийн хэмжээ буурсан байгаа нь тодорхойлогдлоо. Өвдөгний үеэр нугалах далайцын хэмжээ нь 104.5±13.0° байсан бол 128.5±3.4° болж далайц нэмэгдсэн байгаа нь тодорхойлогдсон. Өвдөгний үений тэнийлгэх далайцын хэмжээ нь эхний эмчилгээний дараа 25.5°±7.6°аас 2.0°±2.6° болж буурсан. Жүдо бариа заслын эмчилгээний үр дүнд эмчилгээний тоо нэмэгдэх тусам өвдөлтийг бууруулж, үений далайцыг нэмэгдүүлэн, үений контрактур үүсэх эрсдэлийг багасгахад үр дүнтэй байна. Дүгнэлт: Өвдөгний үений дотно хажуугийн холбоосны 1, 2-р зэргийн хавсарсан гэмтлийн дараа жүдо бариа заслын эмчилгээ хийхэд өвдөлт багасаж, үений далайц, өвдөгний үений тогтвортой байдал нэмэгдсэн үр дүнтэй байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
