Ийлдсэн дэх шээсний хүчлийн агууламжинд нөлөөлөх зарим хүчин зүйлийг бодисын солилцооны хам шинжтэй эрэгтэй хүмүүст тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Гиперурикеми, Хэвлийн таргалалт, Таргалалт, ТриглицеридХураангуй
Үндэслэл: Ийлдсийн шээсний хүчил (ИШХ)-ийн агууламж нь бодисын солилцоо, зүрх судасны эмгэгүүдийн үед ихсэж байдаг. Судалгаанууд ИШХ нь бодисын солилцооны хам шинж (БСХШ)-ийг эрт оношлох үзүүлэлт болдог талаар дурдсан ба гиперурикемитэй хүмүүст БСХШ үүсэх магадлал 1.6 дахин их гэжээ. Монгол 15-69 насныхны 48.8% нь илүүдэл жин, таргалалттайг судалгаагаар тогтоосон бөгөөд энэ нь цаашид БСХШ, ЗСӨ, чихрийн шижин, тулай ихсэх хандлагатайг илэрхийлж байна. Тиймээс ИШХ-ийн агууламжийг тодорхойлон БСХШ болон бусад халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж болох талаар судлах шаардлагатай байна. Зорилго: ИШХ-н агууламжийг БСХШтэй, БСХШ-гүй хүмүүст тодорхойлон, нөлөөлөх хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа Улаанбаатар хот дахь 30-60 насны 119 эрэгтэйг хамруулав. ИШХ ≥7 мг/дл бол гиперурикеми, БСХШ-г IDF, AHA/NHLBI байгууллагын зөвлөмжийн дагуу тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 39.5% (n=47) нь БСХШ-тэй, 16.8% (n=20) нь гиперурикемитэй байлаа. БСХШ-тэй бүлгийн 21.3% (n=10)-д гиперурикеми илэрсэн. ИШХ-ийг төвийн таргалалтаар ангилж үзэхэд БСХШ-тэй төвийн таргалалттай бүлэгт ИШХ дундаж 6.2±1.3 мг/дл харин хэвийн бүлэгт 4.9±1.8 мг/дл байлаа. БСХШ-гүй бүлэгт төвийн таргалалттай бүлэгт ИШХ 5.8±1.1 мг/дл, хэвийн бүлэгт 4.7±0.8 мг/дл байв (p<0.0001). Хамаарлын хувьд, ИШХ-тэй биеийн жин (r=0.43), хэвлийн тойрог (r=0.47), триглицерид (r=0.44) нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан бөгөөд БСХШ-гүй болон БСХШ-тэй бүлгээр авч үзвэл уг хамаарал нь биеийн жин (r=0.48, r=0.24), хэвлийн тойрог (r=0.5, r=0.36), триглицерид (r=0.46, r=0.29) буюу БСХШ-гүй бүлэгт үзүүлэлтүүд болон ИШХ-ийн хамаарал илүү хүчтэй байв. Гиперурикемийн эрсдлийг хэвлийн таргалалт 3.27 дахин, триглицеридеми 3.29 дахин ихэсгэж байлаа. Дүгнэлт: БСХШ-тэй хүмүүсийн 21.3%-д нь гиперурикеми илэрсэн бөгөөд хэвлийн өөхөн хуримтлал нэмэгдэх, өөх тосны солилцооны хямрал нь исэлдэлтийн стрессийг нэмэгдүүлж, ИШХ ихсэхэд нөлөөлж байж болох юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Нямдорж, О.Зэсэмдорж, С.Мөнхбаярлах, Ш.Үүртуяа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
