Монгол улсад насанд хүрэгчдэд тохиолдох эмнэлэг дэх нас баралтын ерөнхий зураглал ба таамаглах хүчин зүйлс

Зохиогчид

  • С.Алтанчимэг АШУҮИС, АУС, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • Г.Даваа АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, биостатистикийн тэнхим, АШУҮИС, МЯЭ, Эрчимт эмчилгээний тасаг Зохиогч
  • Л.Ганболд АШУҮИС, АУС, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • М.Наранпүрэв АШУҮИС, АУС, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хэвтэн эмчлүүлэх, Нас барах эрсдэл, Алдагдсан амьдарлын жил, Харилцан нөлөөлөл

Хураангуй

Үндэслэл: Эмнэлгийн нас баралтын дүр зургыг гаргаснаар эрүүл мэндийн тогтолцооны зарим үзүүлэлтийн ерөнхий төлөв байдлыг гаргах боломжтой. Нас барах эрсдлийг таамаглах хүчин зүйлийг тодорхойлсноор эмнэлзүйн практикт чухал ач холбогдолтой юм. Зорилго: 2020 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн насанд хүрэгчдэд тохиолдсон нас баралтын дүр зураг ба таамаглах хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол улсад хэвтүүлэн эмчлэх тусламж үзүүлж буй 86 эмнэлгийн мэдээллийг судалгаанд ашигласан. Ингэхдээ 2020 оны 1-р сарын 1-ээс 6-р сарын 30-ны хооронд эмнэлэгт хэвтсэн 1795 нас баралтын тохиолдол бүхий 296,083 оролцогчдод дүн шинжилгээ хийсэн. Эмнэлэгийн цахим болон цаасан бүртгэлийг эх материал болгон ашигласан. Бид судалгаандаа нас, хүйс, эмнэлэгт хэвтсэн өдөр, нас барсан газар зэрэг хувьсагчдыг ашиглан эрсдэлт хүчин зүйлсийг тооцоолон гаргасан. Алдагдсан амьдарлын жилүүд болон газарзүйн байршил зэрэг хувьсагчдыг ашиглан нас баралтын дүр зургийг гаргасан. Үр дүн: Оролцогчдын дундаж нас 56.3±15.3 жил, эрэгтэй хүйс 59.4%, эмнэлэгт хэвтсэн дундаж хугацаа 2.2 хоног байв. Судалгааны үр дүнд эмнэлэгт нас барах эрсдэлт хүчин зүйлст дараах үзүүлэлтүүд ач холбогдол бүхий нөлөөтэй болохыг тогтоосон. Үүнд: a) амралтын өдрийн хэвтэлт, b) хотод нас барсан c) өндөр нас, d) эрэгтэй хүйс зэрэг байв. Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр эрэгтэй хүйс болон амралтын өдрийн хэвтэлт нь эмнэлэгт нас барах эрсдлийг илүү ихээр нэмэгдүүлж байсан. Шугаман регрессийн шинжилгээгээр нас болон эмнэлгийн ор тус тусдаа байдлаар мэдэгдэхүйц хамааралтай байсан бөгөөд нас болон эмнэлгийн ор хоногийн хувьсагч хоорондын нөлөө нь нас баралттай илүү хамааралтай байв. Дүгнэлт: Монгол хүн амын дунд эмнэлэгт нас барах тохиолдол харьцангуй бага байсан. Хот газартай харьцуулахад хөдөө орон нутагт залуу хүнд нас баралт өндөр байна. Амралтын өдрийн хэвтэлт, эрэгтэй хүйс, хотжилт зэрэг үзүүлэлтүүд эмнэлэгт нас барах эрсдлийг таамаглах бие даасан хүчин зүйлс болохоос гадна хувьсагч хоорондын харилцан нөлөөлөл нь илүү хүчтэй үр дүнг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Даваа, Л.Ганболд, М.Наранпүрэв

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-02

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл