Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа ээлжийн сувилагчдын дундах нойрны өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс

Зохиогчид

  • Д.Оюунцэцэг АШУҮИС. Говь-Алтай АУС Зохиогч
  • Н.Баасанжаргал АШУҮИС. Говь-Алтай АУС Зохиогч
  • Ч.Мандалсайхан АШУҮИС. Говь-Алтай АУС Зохиогч
  • Н.Батпүрэв АШУҮИС. Говь-Алтай АУС Зохиогч
  • Ж.Жаргал АШУҮИС. Говь-Алтай АУС Зохиогч
  • Х.Зандармаа АШУҮИС. Говь-Алтай АУС Зохиогч

Түлхүүр үг:

Нойргүйдэл, Нойрмоглох, Стресс, Ээлжийн ажил, Ковид-19

Хураангуй

Үндэслэл: Дэлхий даяар өдөр бүр сая сая хүн нойргүйдлийн асуудлаас болж шаналдаг. Барууны орны насанд хүрэгчдийн 10-30%-д нойргүйдэл тохиолддог. Сингапурын судалгаагаар нойргүйдлийн тархалт 15,3%, Японы хүн амын 20-с дээш насны 3030 хүний 21,4%, Солонгосын хүн амын 15-с дээш насны 3719 хүний 17%-д нь 7 хоногийн 3 шөнө нойргүйдэл тохиолддог.1 Дэлхийн олон орны судлаачид хүний биеийн биологийн хэмнэл алдагдах, удаан хугацаагаар нойр хасах, дархлаа сулрах зэрэг нь ээлжийн ажлаас үүдэлтэй бөгөөд энэ нь хорт хавдар, зүрх судасны өвчин, нойрны хямрал, хоол боловсруулах замын өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.2 Нойрны эмгэгүүдийн гол үр дагавар нь нойрны чанарыг бууруулж улмаар удаан хугацаагаар нойр дутмаг байснаас бусад өвчний суурь болдог. Иймд нойрны эмгэгүүд хүний эрүүл байх үндэс суурийг алдагдуулсаар байгаа нь нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлын нэг болоод байна. Зорилго: Ээлжийн ажлаас үүдэлтэй нойрны хямрал, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаагаа Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн 11 тасгийн нийт 71 ээлжийн сувилагчдын дунд нойргүйдлийн зэргийн индекс (ISI), нойрмоглох байдал үнэлэх / ESS/, стресс, сэтгэл түгшилт, сэтгэл гутралын асуумж (DASS-21) авч, боловсруулалтыг SPSS-24 программыг ашиглан хийж, судалгааны өгөгдлийн тархалтыг Колмогоров Смирновын тестээр шалгаж, статистик ач холбогдлын хамаарлыг Спирманы корреляцийн коффициентээр тооцон гаргасан. Дүгнэлт: Сувилагчдын дунд нойргүйдлийн зэргийн индексийг тодорхойлж үзэхэд 32.4% нь эмнэл зүйн нойргүйдлийн өмнөх үед, 31% эмнэл зүйн нойргүйдэл дунд зэргийн хүндрэлтэй, 12,7% эмнэл зүйн нойргүйдэл хүнд зэргийн хүндрэлтэй байсан бөгөөд нойрмоглох байдлыг үнэлэхэд 42.3% хэвийн, 22.5% дунд зэрэг, 19.7% маш их, 15.5% нь бага зэрэг нойрмоглодог гэж тодорхойлогдсон. Ажлын цагийн үргэлжлэх хугацаа урт байх нь нойргүйдэлд эерэг, дунд зэрэг харин нойрмоглох байдалд эерэг хүчтэй хамааралтай байгаа нь тогтоогдсон.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Баасанжаргал, Ч.Мандалсайхан, Ж.Жаргал, Х.Зандармаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл