Мухар олгойн сорьцноос ялган дүйсэн E.coli-д аминогликозидод тэсвэржилтийн генийг илрүүлсэн дүн
Түлхүүр үг:
Аминогликозид, Ацетилжих, Аденилжих, Фосфоржих, Мультиплекс полимеразын гинжин урвалХураангуй
Үндэслэл: Аминогликозидын бүлгийн антибиотикийг голчлон Escherichia coli (E.coli), Klebsiella pneumoniae (K.pneumoniae), Pseudomonas aeruginosa (P.aeruginosa) зэрэг аэроб Грам сөрөг нянгаар үүсгэгдсэн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг. Эмгэгтөрөгч бичилбиетэн аминогликозидыг хувиргагч энзим (АХЭ) үйлдвэрлэж, генийг хөндлөн болон босоо чиглэлд дамжуулан аминогликозидын тэсвэржилтийг үүсгэдэг. АХЭ-ийг кодолдог Aac (6’)-Ib, Ant (3”)-Ia, Aph (3’)-Ia, Aac (3)-II генүүд ихэвчлэн өргөтгөсөн үйлдэлтэй бетта лактамаз (ӨҮБЛ)ийн ген агуулсан плазмид дээр байрладаг тул нян аминогликозид болон өргөтгөсөн үйлдэлтэй цефалоспоринд нэгэн зэрэг тэсвэртэй болж, халдварын эмчилгээнд нэлээд хүндрэл үүсгэдэг. Зорилго: Мухар олгойн сорьцноос ялган дүйсэн E.сoli-ийн аминогликозидод тэсвэржилтийн генийг илрүүлж, хэвшинжийг тодорхойлох. Үр дүн: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-ийн нян судлалын лабораторид 2021 оны 1-6 сарын хугацаанд цуглуулсан мухар олгойн сорьцонд илэрсэн 107 E.coli-д аминогликозидод тэсвэржилтийн ген хэв шинжийг тодорхойлоход гентамицин, тобрамицинд тэсвэржилтийг үүсгэдэг ацетилжүүлэгч энзим кодлогч Aac (3’)-II ген 68 омогт, стрептомицинд тэсвэржилтийг үүсгэдэг аденилжүүлэгч энзим кодлогч Ant-(3’)-Ia ген 37 омогт, Aac (3’)-II, Ant-(3’)-Ia генүүд 27 омогт хавсарч илэрлээ. Тобрамицин, амикацинд тэсвэржилтийг үүсгэдэг ацетилжүүлэгч энзим кодлогч Aac(6’)-Ib ген, канамицин, неомицинд тэсвэржилтийг үүсгэдэг фосфоржуулагч энзим кодлогч Aph(3’)-Ia генүүд илэрсэнгүй. АХЭ-ийн генүүд илэрсэн дүнг DEC болон энгийн E.coli-д харьцуулж авч үзэхэд Aac (3)-II ген 32 (47%), 36 (53%) омогт, Ant (3”)-Ia ген 20 (36.4%), 16 (30.8%) омогт, уг 2 ген хавсран илэрсэн тохиолдол 14 (25.5%), 13 (25%) омогт тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Мухар олгойн сорьцноос ялган дүйсэн E.сoli-ийн омгуудад аминогликозидод тэсвэржилтийг үүсгэдэг ацетилжүүлэгч энзим кодлогч Aac (3’)-II ген, аденилжүүлэгч энзим кодлогч Ant-(3’)-Ia ген илэрлээ.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
