Эрүүл мэндийн ажилтнуудын дундах хепатитийн В вирүсийн халдварын тархалт, эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн
Түлхүүр үг:
Хепатитийн В вирүс, Эмнэлгийн ажилчид, Вирүст хепатит эрсдэлт хүчин зүйлХураангуй
Үндэслэл: Эрүүл мэндийн ажилтнууд нь ажлын нөхцөлөөс шалтгаалан хепатитийн В вирүс (ХВВ)-ийн халдварт өртөх эрсдэлт бүлэг юм. Дэлхий дахинд нэг жилд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын 5.9% нь ХВВ-ийн халдварт өртдөг гэсэн судалгаа бий. Монгол улс вирүст хепатитийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд сүүлийн 10 жилд вирүст хепатитийн эсрэг бодлогын өөрчлөлт, үндэсний хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Энэхүү судалгаагаар эрүүл мэндийн ажилтнуудын дундах хепатитийн В вирүсийн халдварын тархалтыг тодорхойлж, эрсдэлт хүчин зүйлийг судлах зорилго дэвшүүллээ. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, олон шатлалт түүврийн аргаар Улаанбаатар хот, Монгол улсын 5 аймгаас 1135 эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдоос асуумж болон цусны сорьц цуглуулж HBsAg, anti-HBc үзүүлэлтийг ХӨСҮТ-ийн вирүст хепатит энтеровирүсийн лабораторид фермент холбоот эсрэг биеийн урвалын аргаар хийв. Судалгааны тоон мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS 21.0 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд эрүүл мэндийн ажилтнуудын дунд ХВВ-ийн тархалт улсын хэмжээнд 4.7% (53/1135) байна. Судалгаанд оролцогчдын 670 (59.0%) нь ХВВ-ийн халдварт өртөж байсан буюу anti-HBc эерэг тодорхойлогдсон. Өндөр эрсдэлтэй ажил эрхэлдэг эрүүл мэндийн ажилтнуудын дунд ХВВ-ийн халдварын тархалт 5.0% байна. Судалгаанд оролцогчдын 669 (58.9%) зүү тариур, хурц үзүүртэй багаж, хэрэгсэлд хатгуулж байсан бөгөөд 181 (26.8%) тарилга хийх үедээ, 133 (19.7%) мэс засал үед, 104 (15.4%) эмнэлгийн хог хаягдал хаях үедээ хатгуулж байсан өгүүлэмжтэй байв. Дүгнэлт: Эрүүл мэндийн ажилтнуудын дунд халдварын тархалт 4.7%, халдварт өртөхөд мэргэжлээс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйл илүү хамааралтай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Н.Хүрэлбаатар, О.Баатархүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
