Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүст ABCC8 генийн rs1801261 полиморфизмыг бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдтэй холбон судалсан нь
Түлхүүр үг:
Чихрийн шижин хэвшинж 2, ABCC8 ген rs1801261 полиморфизм, Sur1Хураангуй
Үндэслэл: Чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2) болон үүнээс үүдэлтэй хүндрэлүүд нь эрүүл мэндийн салбарт тулгарж буй томоохон асуудал болоод байна. Нойр булчирхайн β-эсийн АТФ хамааралт калийн суваг нь Kir6.2 болон SUR1 гэсэн уургуудаас тогтдог бөгөөд калийн суваг нь инсулины ялгаралтад нөлөөлдөг. Сульфанилмочевин суваг уургийг (SUR1) ABCC8 ген кодлодог бөгөөд энэ генийн зарим полиморфизмууд нь чихрийн шижин хэвшинж 2-ийг үүсэхэд нөлөөлдөг байна. Судлаачдын үзэж буйгаар ABCC8 генийн rs1801261 полиморфизм нь ЧШХШ2 үүсэхэд нөлөөлдөг байх магадлалтай хэмээн үзэж байна. Арга, аргачачлал: Энэхүү судалгааг тохиолдол хяналтын загвараар, тохиолдлын бүлэгт 89 өвчтөн, хяналтын бүлэгт 89 хүнийг сонгон авч глюкозжсон гемоглобин, өлөн үеийн цусны глюкоз, нийт холестерин, триглицерид, их нягтралтай липопротейд (ИНЛП), бага нягтралтай липопротейд (БНЛП) тодорхойлж үзэв. Цуснаас ДНХ-ийг ялган авж ABCC8 генийн rs1802161 полиморфизмыг ОХУ-ПГУ-ын аргаар тодорхойлов. Үр дүн: Судалгаанд оролцогчдын насны давтамж 2 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан бол хяналтын бүлэгтэй харьцуулахад тохиолдлын бүлэгт биеийн жингийн индекс (БЖИ), глюкоз, глюкозжсон гемоглобин нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Гомозигот СС генотипийн хувьд тохиолдол болон хяналтын бүлэгт БЖИ, глюкоз, глюкозжсон гемоглобин статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол гетерозигот СТ генотип бүхий ЧШХШ2-оор өвдсөн болон харьцангуй эрүүл хүмүүст глюкоз, глюкозжсон гемоглобин статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05). Дүгнэлт: Бидний судалгаанаас харахад БЖИ, глюкоз, глюкозжсон гемоглобин, триглицерид, ИНЛП хэмжээг хяналтын бүлэгтэй харьцуулахад тохиолдолын бүлэгт статистик хамаарал бүхий өндөр байна(p<0.05). ABCC8 генийн rs1801261 полиморфизмын гомозигот гетерозигот генотипийн аль алиных нь үед глюкоз ба глюкозжсон гемоглобин хэмжээ ЧШХШ 2-той бүлэгт өндөр мөн Т аллель болон ТТ генотипийн давтамж тохиолдолын бүлэгт өндөр байгаа нь ЧШХШ 2-т өртөмхий байж болохыг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Эрхэмбаяр, Т.Буянхүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
