Ходоодны дурангийн шинжилгээний өмнөх ходоод цэвэрлэх аргыг сайжруулсан дүн

Зохиогчид

  • О.Уранбайгаль АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим Зохиогч
  • Б.Гантуяа АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим , АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг, Дурангийн тасаг , АШУҮИС, Төв эмнэлэг, Дурангийн тасаг Зохиогч
  • Н.Баярмаа АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Ходоодны дуран, Семитикон, N-ацетилцистейн

Хураангуй

Үндэслэл: 2020 онд дэлхий дахинд бүртгэгдсэн ходоодны хорт хавдрын өвчлөл ба нас баралтаар манай улс 1-р байранд, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр 2-р байранд, нас баралтаар 3-р байрыг тус тус эзлэж байна. Энэ нь сүүлийн 10 жилд улсын хэмжээнд тогтвортой өндөр хэвээр байна. Үүнд нөлөөлөх олон шалтгаануудын нэг нь дурангийн шинжилгээний өмнөх ходоодны цэвэрлэгээний чанар хангалтгүй байх явдал юм. Ходоодны дурангийн шинжилгээ нь хоол боловсруулах дээд замын эрт үеийн хавдрын оношлогооны алтан стандарт юм. Манай орны хувьд хоол боловсруулах дээд замын дурангийн шинжилгээнд хэрэглэж байгаа цэвэрлэх аргуудын чанар үр дүнг харьцуулсан судалгаа хомс, ходоод цэвэрлэх аргачлал, заавар, ходоодны цэвэрлэгээний чанарын стандартчилагдсан шалгуур үнэлгээ дутмаг зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хоол боловсруулах дээд замын дурангийн шинжилгээний өмнөх ходоодны хөөс, салсыг цэвэрлэх сайжруулсан эм бэлдмэлийг туршин судлах. Арга, аргачлал: Эмнэл зүйн туршилт судалгааг Монгол-Япон эмнэлгийн дурангийн тасгаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчидээс санамсаргүй түүврийн аргаар нийт 108 оролцогчийг хамруулсан. Туршилтын 2 бүлгийг хяналтын 1 бүлэгтэй харьцуулан судалсан. Хяналтын бүлэгт (n=36) дан Семитикон 200 мг, туршилтын 1-р бүлэгт (n=36) Семитикон 200 мг, N-ацетилцистейн 200 мг, Натрийн бикарбонат(хүнсний сода) 2 г-ийн уусмал, туршилтын 2-р бүлэгт (n=36) Семитикон 200 мг, N-ацетилцистейн 600 мг, Натрийн бикарбонатын 2г-ийн уусмалыг тус тус найруулан бэлтгэж судалсан. Үр дүн: Туршилтын 2 бүлгийг хяналтын бүлэгтэй ходоодны хөөс, салс муцины цэвэрлэгдсэн байдлыг оноогоор харьцуулан үнэлсэн. Хяналтын бүлэгт сайн цэвэрлэгдсэн 36.1% (n=13), дунд 47.2% (n=17), муу 16.7% (n=6) тус тус тодорхойлогдов. Туршилтын 1 бүлэгт сайн цэвэрлэгдсэн 47% (n=17), дунд 36.1% (n=13), муу 16.1% (n=6) тус тус байна (р<0.186). Туршилтын 2-р бүлэгт сайн цэвэрлэгдсэн 86.1% (n=31) болон дунд цэвэрлэгдсэн тохиолдол 13.8% (n=5) байсан бөгөөд муу цэвэрлэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй (р<0.001). Дүгнэлт: Туршилтын 2-р бүлэгт ходоодны хөөс, салст муцин хамгийн сайн цэвэрлэгдэж байгаа нь нь тогтоогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл