Микроглий эсэд дегидрокостус лактоны үрэвслийн эсрэг нөлөөг CXCL2 генийн идэвхижлээр тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Дегидрокостус лактон, CXCL2, Липополисахарид, МикроглийХураангуй
Монгол анагаах ухаанд “Саа өвчин”-д хэрэглэдэг Эрдэнийн үрлийн найрлагад ордог дегидрокостус лактоны үйлдлийн механизм одоог хүртэл бүрэн судлагдаагүй байна. Хемокин СХС лиганд 2 (CXCL2) нь макрофагаас ялгарч эсийн гадаргуу дахь СХСR2 хүлээн авууртай холбогдож эсийг хөдөлгөөнтэй болгож үрэвслийн процессыг дэмжих, дархлаа зохицуулах зэрэг үйл ажиллагаанд оролцдог. Микроглий эсийн CXCL2 ба дегидрокостус лактоны харилцан үйлчлэлийг судлах нь эмчилгээний чухал ач холбогдолтой юм. Зорилго: Микроглий эсэд дегидрокостус лактоны үрэвслийн эсрэг нөлөөг CXCL2 генийн идэвхижлээр тодорхойлох. Арга, аргачлал: Хулганын тархинаас гарган авсан BV2 микроглий эсийг 1. Дангаар нь, 2. Липополисахаридыг нэмсэн байдлаар, 3. Дегидрокостус лактоныг нэмж дараа нь липополисахаридыг нэмсэн гурван хэлбэрээр өсгөвөрлөв. Энэ 3 өөр өсгөврийн микроглий эсээс нийт RNA-г ялган сDNA-г гарган авч бодит хугацааны полимеразийн гинжин урвалын (qRT-PCR) туршилтаар CXCL2-ын генийн экспрессийн түвшинг тодорхойлов. Үр дүн: Микроглий эс тайван үед CXCL2 генийн идэвхжил суурь түвшинд тодорхойлогдов. Харин 1 нг/мл липополисахаридаар үйлчлэхэд CXCL2 генийн мРНХийн түвшин ойролцоогоор 3 дахин нэмэгдэж байв. Дегидрокостус лактон нь липополисахаридаар идэвхжих CXCL2 генийн мРНХ-ийн түвшинг 2.9–өөс 1.9 хүртэл саатуулж байна. Дүгнэлт: Дегидрокостус лактон нь липополисахаридаар идэвхжих микроглий эсийн CXCL2-ын генийн экспрессын түвшинг саатуулах үйлдэлтэй байна. Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг эмийн бодисуудын гол бүрэлдэхүүн болох дегидрокостус лактон нь мэдрэлийн эмгэгийн үед үрэвслийн эсрэг үйлдэлтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Шийрэвнямба, Ц.Билэгтсайхан, С.Сээсрэгдорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
