Сэтгэцийн эмгэгтэй хүний нийгэмд аюултай үйлдлээс урьдчилан сэргийлэхэд гэр бүлийн үүрэг

Зохиогчид

  • Б.Баасандорж СЭМҮТ, АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • Д.Оюунсүрэн АШУҮИС, АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Ойр дотны хүмүүс Аюултай үйлдэл Оролцоо, хяналт Урьдчилан сэргийлэх

Хураангуй

Үндэслэл: Хэвлэлийн тоймоос үзвэл Хятад, Энэтхэг улсад сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн 90%, Германд өвчтөнүүдийн олонхи нь гэр бүлийн гишүүдийн хамт амьдардаг бөгөөд өвчний засралын үед гэр бүлийн гишүүд нь үйлчлүүлэгчид хяналт тавьдаг. Гэвч өвчтөний өвчин дахисан тохиолдолд ойр дотны хүмүүс нь нийгэмд аюултай үйлдлийн хохирогч болох тохиолдол олонтаа байдаг. Зорилго, зорилт: Сэтгэцийн эмгэгийн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийсэн тохиолдлын зарим шалтгаан, өвчний дахилтаас урьдчилан сэргийлэхэд гэр бүлийн гишүүдийн оролцоог судлан тогтооход оршино. Материал арга зүй: Судалгааг СЭМҮТ-ийн шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт хэвтэн эмчлүүлэгсдийн асран хамгаалагч нарыг хамруулан агшингийн судалгааны загвараар асуумж судалгааны аргаар хийв. Үр дүн: Судалгаанд эмнэлэгт 1-13 жил хэвтэн эмчлүүлж буй 80 эмчлүүлэгч, тэдний асран хамгаалагчийг хамрууллаа. Эмчлүүлэгчдийн 48.3% нь (n=39) эмнэлэгт хэвтэхээс өмнө сэтгэцийн эмчийн хяналтанд байсан, 16.3% нь шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээнд хамрагдаж байсан. Эмчлүүлэгчдийн 19% нь гэр бүл, хүүхдийн хамт, 50% нь аав, ээжийн хамт амьдарч байжээ. Эмчлүүлэгчдийн 33 (41.2%)-д нь аав, ээж, 21 (26.2%) нь хамаатан садны хүмүүс анхаарал тавьдаг гэсэн бол 3.7 % (n=3) нь хэн ч анхаарал тавьдаггүй (p=0.02) гэжээ. Эмчлүүлэгчдийн 58.7% (n=47) нь гэр бүлийнхний зүгээс эмчлүүлэгчтэй үгэн харилцаа тогтоодог, 41.3% (n=33) нь гэр бүлийнхэн бараг ярилцдаггүй хэмээн хариулсан байлаа. Судалгаагаар эмчлүүлэгчийн ойр дотны хүмүүсийн 48.7% (n=39) хохирогч болсон, 32.2% нь танихгүй хүнд хохирол учруулсан тохиолдол байгаагаас үзвэл сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ойр дотны хүмүүстээ хохирол учруулах эрсдэл өндөр байдаг болох нь статистик ач холбогдолтой байна (p=0.005). Дүгнэлт: Сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчдийн олонхи нь эцэг эхийн хамт амьдардаг, эмчлүүлэгчдэд ар гэрийнхний зүгээс тавих хяналт хангалттай бус, эмчлүүлэгчдийн ойр дотны хүмүүс нийгэмд аюултай үйлдэлд өртөх эрсдэлтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл