Атопийн дерматитын эмнэлзүйн шинжүүд болон амьдралын чанарт зүү эмчилгээний үзүүлэх нөлөө
Түлхүүр үг:
Атопийн дерматит, зүү эмчилгээ, загатнаа, амьдралын чанарХураангуй
Монгол улсад 2012 оноос хойш атопийн дерматитын (АД) тархалт тасралтгүй өсөх хандлага ажиглагдаж байгаа бөгөөд АӨСҮТөвийн амбулаторийн тэргүүлэх таван өвчлөлд багтаж байна. Бид энэхүү судалгааг санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэлээ. Судалгаанд хамрагдагсдыг санамсаргүй түүврийн аргаар зүү эмчилгээний (n=30) болон хяналтын (n=30) бүлэгт хувааж нийт 4 долоо хоногийн турш 12 удаа зүү эмчилгээ хийсэн. Эмчилгээний бүлэгт стандарт эмийн эмчилгээ хийхийн зэрэгцээ 12 удаагийн зүү эмчилгээ хийсэн бол хяналтын бүлэгт стандарт эмийн эмчилгээ хийсэн. Эмчилгээний үр дүнг АД-ын үед илрэх эмнэлзүйн шинжийн болон атопийн дерматитын хүндрэлийн үнэлгээ болох SCORAD үнэлгээний аргаар үнэлсэн. Амьдралын чанарыг арьсны эмгэгтэй хүмүүсийн амьдралын чанар үнэлэх (DLQI) асуумж судалгааны аргаар тооцсон. АД-ын үед хоёрдогчоор илрэх сэтгэл гутралын түвшинг (CES-D) асуумжийг ашиглан үнэлсэн. Зүү эмчилгээний бүлэгт хамрагдагсдын эмнэлзүйн шинж нь SCORAD үнэлгээгээр эмчилгээний өмнө 56.31±10.17 байсан бол эмчилгээний дараа 33.28±11.62 болж буурсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Хяналтын бүлгийн SCORAD үнэлгээний дүн эмчилгээний эхэнд 53.39±6.35 байсан нь эмчилгээний дараа 42.82±5.95 болсон байна. Эмчилгээний бүлгийн хүмүүсийн тууралтын тархалт эмчилгээний өмнө 53.9%±21.13 байсан бол эмчилгээний дараа 27,01%±14.4 болж буурсан бөгөөд хяналтын бүлгийн тууралтын тархалт эмчилгээний эхэнд 52.21±12.67 байсан нь эмчилгээний дараа 39.71±10.66 болсон нь бүлгүүдийн хооронд 26.89 буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Эмчилгээний бүлгийн тууралтын эрчим 10.8± 2.1 байсан бол эмчилгээний төгсгөлд 6.3± 2.6 болж 4.5-аар буурсан хяналтын бүлгийн тууралтын эрчим эмчилгээний эхэнд 10.3±1.39 байсан нь эмчилгээний төгсгөлд 8.36±1.18 болсон бөгөөд зүү эмчилгээ нь тууралтын эрчимийг илүү бууруулж байна. Атопийн дерматитын шалтгаант сэтгэл гутралд зүү эмчилгээ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай үр нөлөөтэй. Эмчилгээний үр дүн сайн гарсан хамрагдагсдын амьдралын чанарт их болон дунд зэрэг сайжирсан харилцан хамаарал ажиглагдаж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Baldoo Lagshmaa
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
