ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийн Сүрьеэгийн халдварт өртөх эрсдэлийг дархлааны үзүүлэлттэй нь харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
ХДХВ, ХДХВ-сүрьеэгийн халдвар, CD4+эсХураангуй
Үндэслэл: Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ/ДОХ) болон сүрьеэ нь дэлхийн улс орнуудын, ялангуяа хөгжиж буй орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр 2019 онд дэлхий дахинд сүрьеэгийн 10 сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний 8.2% нь ХДХВ-ийн халдвартай хүмүүст илэрчээ1. Зорилго, зорилт: Монгол улсад бүртгэгдсэн ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдэд сүрьеэгийн хавсарсан халдвар оношлогдсон байдлыг дархлааны үзүүлэлттэй нь харьцуулан судлах. Арга аргачлал: ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны Албанд 1997-2019 онд ХДХВийн халдвар батлагдсан нийт 286 тохиолдлоос 281 үйлчлүүлэгчийн амбулаторийн үзлэгийн карт, өвчний түүхийг ашиглан эргэмж судалгааны загвараар судалгааг хийв. Үр дүн: ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХийн Тандалт Судалгааны Албанд 1997-2019 онд ХДХВ-ийн халдвартай онош батлагдсан нийт 286 тохиолдлоос 281 үйлчлүүлэгчийн хүн ам зүйн болон эмнэл зүйн мэдээллийг судалгаанд ашигласан. Судалгаанд ХДХВ-ийн халдвартай 16-68 насны үйлчлүүлэгчдийг хамруулсан ба голч нас нь 32 (Дундаж нас-33.1±9.7), тэдний 60.4% нь 30-аас дээш настай, дийлэнх нь (82.2%) эрэгтэйчүүд байсан бөгөөд нийт эрчүүдийн 84.4% нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд, эмэгтэйчүүдийн 24% нь өмнө нь биеэ үнэлж байсан гэх өгүүлэмжтэй байв. Дүгнэлт: ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийн Сүрьеэгийн хавсарсан халдвараар өвчлөх эрсдэл нь CD4 эсийн тоо цөөрч, CD4/CD8 харьцаа буурч, эсийн дархлаа дарангуйлагдахтай холбоотой байна. Мөн 32-оос дээш настай байх нь ХДХВ-ийн халдвар оношлогдох үед сүрьеэ өвчний хавсарсан халдвартай нь оношлогдох, уушгины хэлбэрийн сүрьеэгээр өвдөх эрсдэлтэй байдгийг тодорхойлсон. ХДХВ-ийн халдвар ДОХын үе шатандаа оношлогдох нь сүрьеэгийн хавсарсан халдвар илрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Доржмаа, Г.Батбаатар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
