Арьсны ховор хавдар дерматомиофиброма

Зохиогчид

  • Э.Мөнхжин Зохиогч
  • О.Номин Зохиогч
  • С.Ундрам Зохиогч

Түлхүүр үг:

Mиофибробласт, Ээрүүл эс, Арьсны эдийн шинжилгээ, Иммуногистохимийн шинжилгээ

Хураангуй

Удиртгал: Дерматомиофиброма нь ховор тохиолддог, арьсны фибробласт болон миофибробласт эсийн гаралтай хоргүй хавдар юм. Дэлхий дахинаа нийт 150 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс нүүр хэсэгт илэрсэн тохиолдол нэн ховор байна. Тохиолдлын танилцуулга: Үйлчлүүлэгч Б овогтой Э, 20 настай эмэгтэй. Эрүүний зүүн талд тууралт гараад 2 жил болж байна гэх зовуурьтай 2025 оны 8-р сард Сундара арьсны эмнэлэгт хандсан. Өмнө нь АӨСҮТ-д үзүүлэн “Батганы сорви” гэж оношлогдон триамцинолон тарилга арьсан дотор 1 удаа тариулсан. Эмчилгээнд үр дүн гараагүй ба тууралт хэмжээгээр томорч байгаа гэнэ.Хэсэг газрын үзлэгт эрүүний зүүн дээд хэсэг, чихний урд байрлалтай зах ирмэг тод бус, арьснаас дээш жигд бус өргөгдсөн, бор хүрэн өнгийн, хатуу тогтоцтой, 2.5*2 см орчим хэмжээтэй, хөрзөнт тууралттай. Тэмтрэхэд өвчин эмзэглэл үгүй. Оношилгоо: Онош тодруулах зорилгоор арьсны эдийн шинжилгээ хийхэд гистологи өөрчлөлтөөр Дерматомиофиброма болон арьсны хорт хавдар болох Дерматофибросаркома протуберансыг ялган оношлох гэсэн дүгнэлт гарснаар эдэд иммуногистохимийн шинжилгээ хийсэн. CD34 болон SMA маркеруудыг ашиглан эцсийн оношийг Дерматомиофиброма гэж дүгнэсэн. Эмчилгээ: Дерматомиофибромагийн стандарт эмчилгээ нь мэс заслын аргаар хавдрыг бүрэн авах ба үйлчлүүлэгчид оношийг тайлбарлан мэс засал эмчилгээнд орохыг зөвлөсний дагуу 2025 оны 11 сард хагалгаанд орж хавдрыг бүхлээр нь мэс заслын аргаар авсан. Одоогоор дахилт илрээгүй. Дүгнэлт: Дерматомиофиброма нь ховор тохиолддог арьсны хоргүй хавдар ба зовуурь багатай, эмнэлзүйд бусад арьсны өвчний шинж тэмдэгтэй ижил төстэй илэрдэг нь буруу оношлогдох, буруу эмчлэгдэх эрсдэлтэй. Иймд аливаа арьсны өвчний оношилгоо, ялган оношилгоонд арьсны эдийн болон иммуногистохимийн шинжилгээнүүд нь өндөр ач холбогдолтой болохыг харууллаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол