KCNJ11 генийн rs5219 полиморфизмыг чихрийн шижин хэвшинж 2-той холбон судлах нь
Түлхүүр үг:
Чихрийн шижин хэв шинж 2, BanII рестрикц, GWAS, KCNJ11 ген, RELP-PCR rs5219 полиморфизмХураангуй
Үндэслэл: Геномтой холбоотой хийгдэж буй (Genome-wide association studies (GWAS)) судалгаануудаас харахад KCNJ11 генийн зарим полиморфизм нь чихрийн шижин хэвшинж 2-ыг үүсэхэд нөлөөлдөг байна. KCNJ11 ген нь инсулины ялгаралтыг зохицуулахад оролцдог АТФ мэдрэг калийн сувгийн уураг Kir6.2-ийг кодолдог. KCNJ11 генийн rs5219 полиморфизм нь 23-р кодон дээр гуаниныг аденин болгосноор глутамины хүчил лизин аминхүчил болж өөрчлөгдөнө. Ингэснээр инсулины шүүрэл дарангуйлагдаж, цусан дахь глюкозын хэмжээ ихэсч улмаар чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болдог. Зорилго: Чихрийн шижин хэвшинж 2-ыг KCNJ11 генийн rs5219 полиморфизмтой холбон судлах. Материал, арга зүй: Бидний судалгаа тохиолдол-хяналтын судалгааны загвараар хийгдсэн ба ЧШХШ-2-той 52 хүн, харьцангуй эрүүл 52 хүн нийт 104 хүн хамрагдсан. Биохимийн үзүүлэлтүүдийг цусны ийлдэснээс Respons-910 биохимийн бүрэн автомат анализатор ашиглан тодорхойлсон. Бүхэл цуснаас глюкозжсон гемоглобиныг БНСУ-ын “SD A1cCare” хагас автомат анализатораар, геномын ДНХ-г БНХАУ-ын Hualikexi компанийн “Quick Prep Universal Genome DNA Kit” цомог ашиглан ялгасан. KCNJ11 генийн rs5219 полиморфизмыг өвөрмөц праймер ашиглан ОХУП-ПГУ-ын (RFLP-PCR) аргаар бай дарааллыг олшруулаад бүтээгдэхүүнийг BanII рестрикцийн эсгэг ашиглан зүсэж, гель электрофорезд гүйлгэн үр дүнг тодорхойлов. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS 23.0 программ ашиглан хийсэн. Үр дүн: Биохимийн үзүүлэлтүүдээс глюкоз, глюкозжсон гемоглобин, триглицеридийн хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). ЧШХШ-2-той хүмүүст К аллель болон КК генотипийн давтамж илүү өндөр байв (p<0.05). Дүгнэлт: KCNJ11 генийн rs5219 полиморфизмын К аллель болон KK генотипийн давтамж тохиолдлын бүлэгт өндөр байгаа нь чихрийн шижин хэвшинж 2-т илүү өртөмхий байж болохыг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Эрхэмбаяр, Т.Буянхүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
