Зүрхний шигдээсийн дараах зүүн ховдлын үйл ажиллагааны алдагдлыг илрүүлсэн судалгааны дүн

Зохиогчид

  • Ө.Ганчимэг Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Зүрх Судасны Үндэсний Төв Зохиогч
  • Ө.Цолмон АШУҮИС Зохиогч
  • Х.Чингэрэл АШУҮИС Зохиогч
  • Х.Алтайсайхан АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Зүрхний цочмог шигдээс, Зүрхний дутагдал, Натри хөөгч пептидийн сорил, Цацалтын фракц

Хураангуй

Манай орны хүн амын өвчлөлийн гуравдугаар шалтгаан болсон зүрх судасны тогтолцооны өвчний түвшин сүүлийн 10 жилийн дунджаас 2 дахин өссөн ба нас баралтын тэргүүлэх шалтгаан (32.1%) болсон хэвээр байна.1 Зорилго: Зүрхний шигдээстэй өвчтөнд шинж тэмдэггүй зүүн ховдлын үйл ажиллагааны алдагдлыг натри хөөгч пептидийн сорилын тусламжтай илрүүлж, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлоход оршиж байв. Судалгаанд зүрхний дутагдлын эмнэл зүйн шинж тэмдэггүй, зүрхний цочмог шигдээстэй 71 үйлчлүүлэгчдийг хамруулав. Зүүн ховдлын үйл ажиллагааны алдагдлыг натри хөөгч пептидийн сорилын тусламжтай илрүүлсэн бөгөөд натри хөөгч пептидийн хэмжээ >450 пг/мл тохиолдолд зүүн ховдлын үйл ажиллагааны алдагдал байна гэж үнэлэв. Эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд зүрхний цочмог шигдээстэй үйлчлүүлэгчийн 67.6%-д зүүн ховдлын үйл ажиллагааны алдагдал илэрсэн ба үүнээс 64.8% нь эмнэлэгт ирэх үед, 2.8% нь эмчлүүлэх явцад тохиолдсон байна. Зүүн ховдлын үйл ажиллагааны нийт алдагдлын 64%-д цацалтын фракц хадгалагдсан, 28%-д дундаж цацалтын фракцтай, 8%-д цацалтын фракц буурсан хэлбэр тус тус тохиолдож байв. Зүрхний шигдээсийн эхлэлээс эмнэлэгт ирэх хүртэлх хугацаа нь зүүн ховдлын үйл ажиллагааны алдагдал үүсэхэд статистикийн үнэн магадлалтай (p<0.001) нөлөөлж байгааг судалгааны үр дүн харуулсан. Эмнэлэгт хэвтэх үеийн сийвэнгийн натри хөөгч пептидийн хэмжээ нь сийвэнгийн тропонины түвшинтэй (r-0.315, p=0.012) эерэг хамааралтай байв. Харин эмнэлгээс гарах үеийн сийвэнгийн натри хөөгч пептидийн хэмжээ нь зүүн ховдлын цацалтын фракцтай сөрөг (r-0.491, p=0.000), зүрхний диастолын үйл ажиллагааны үзүүлэлт болох E/e’-тэй (r0.370, p=0.003) эерэг хамааралтай байсан. Дүгнэлт: Зүрхний шигдээс эхлэхээс эмнэлэгт ирэх хүртэлх хугацааг богиносгосноор зүүн ховдлын үйл ажиллагааны алдагдлыг бууруулах боломжтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Х.Чингэрэл, Х.Алтайсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл