Эмчлүүлэгчдийн ясны эрдсийн нягтралыг DEXA аргаар тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Ясны сийрэгжилт, Ясны эрдсийн нягтрал, Хос энергийн шингээлтийн денситометрХураангуй
Үндэслэл: Ясны сийрэгжилт нь ясны эрдсийн нягтрал буурч, ясны бичил бүтцийн хэвийн байдал алдагдсанаар ясны бат бөх чанар суларч, хэврэгшлийн хугарал үүсэх эрсдэл нэмэгддэг системийн архаг өвчин юм. Уг өвчин нь ихэвчлэн шинж тэмдэггүй явцтай бөгөөд хугарал үүсэх хүртэл оношлогдохгүй байх нь элбэг. Дэлхийн хүн амын насжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлттэй холбоотойгоор ясны сийрэгжилт болон түүнээс шалтгаалсан хугарлын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Олон улсын ясны сийрэгжилтийн сангийн мэдээллээр насанд хүрсэн эмэгтэйчүүдийн ойролцоогоор хоёр хүн тутмын нэг, эрэгтэйчүүдийн таван хүн тутмын нэг нь амьдралынхаа туршид бага хүчний үйлчлэлээс үүдэлтэй хэврэгшлийн хугарал авах эрсдэлтэй байдаг. Зорилго: Насанд хүрэгчдийн ясны сийрэгжилтийг хоёр энергийн шингээлтийн (DEXA) аргаар үнэлэх Арга, аргачлал: Бид АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Гэмтэл согогийн тасгаар үйлчлүүлж буй ясны хугаралгүй, 18-аас дээш насны 8 эмчлүүлэгчдэд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон авч ясны эдийн нягтралыг хоёр энергийн рентген шингээлтийн денситометрийн (DEXA) аргаар үнэлж үр дүнг тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 8 эмчлүүлэгч хамрагдсан бөгөөд 62.5% нь эрэгтэй, 37.5% нь эмэгтэй байв. Судалгаанд оролцогчдын ясны сийрэгжилтийн үзүүлэлтүүдийг T-score оноо нурууны нугалам (L1-L4)-д хамгийн өндөр буюу 0.35±1.49 байсан бол зүүн шууны ясанд хамгийн бага буюу -1.29±4.34 байв. Харин BMD үзүүлэлт нурууны нугалам (L1-L4)-д хамгийн өндөр буюу 64.37±16.17 байсан бол зүүн дунд чөмөгний ясанд хамгийн бага буюу 3.98±1.06 байв. Z score оноо мөн нурууны нугалам (L1-L4)-д хамгийн өндөр буюу 0.97±1.36 байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан 8 эмчлүүлэгчийн хүн ам зүйн болон биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийг тодорхойлоход дундаж нас 52.65±7.95 жил, биеийн жингийн индекс (БЖИ) 31.59±6.32 кг/м2 байв. Судалгаанд эрэгтэй 5 (62.5%), эмэгтэй 3 (37.5%) эмчлүүлэгч хамрагдсан бөгөөд оролцогчдын дундаж БЖИ нь таргалалтын ангилалд хамаарч байв. DEXA шинжилгээгээр бүсэлхийн нуруу, хоёр түнх болон хоёр шууны ясны эрдсийн нягтралыг үнэлсэн. Шинжилгээний үр дүнгээр ясны эрдсийн нягтралын үзүүлэлтүүд хэмжилт хийсэн анатомийн хэсэг бүрд харилцан адилгүй байгааг тодорхойлов. Шинжилгээний хэсэг тус бүрийн T-score болон Z-score үзүүлэлтүүдийг нэгтгэн үнэлэхэд бүсэлхийн нурууны дундаж T-score 0.35±1.49, Z-score 0.97±1.36; зүүн түнхний T-score −0.63±1.29, Z-score 0.34±1.52; баруун түнхний T-score −0.63±1.15, Z-score 0.31±1.09 байв. Харин шууны ясны дундаж T-score зүүн талд −1.29±4.34, баруун талд −1.25±3.87 байсан нь бусад хэмжилтийн хэсгүүдтэй харьцуулахад бага үзүүлэлттэй байв.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Золбаяр, Х.Баттулга, Л.Наранбат, Э.Саранчимэг
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
