Хүний элэгний эсэд зарим ургамлын хортой тунг тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Г.Халиун АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв Зохиогч
  • Ц.Баасандаш АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв Зохиогч
  • С.Нурбек АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Б.Уранбилэг АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн , АШУҮИС, Био-АС Зохиогч
  • Б.Хонгорзул АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Д.Энхмаа АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн , АШУҮИС, Био-АС Зохиогч
  • Ч.Баттогтох АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн , АШУҮИС, Био-АС Зохиогч
  • Ц.Анужин АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Ш.Үүртуяа АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Н.Цэвэлмаа АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Усан ханд, Этилийн спиртэн ханд, Хоруу чанар, Хоргүй тун

Хураангуй

Үндэслэл: Элэгний эсийн бодисын солилцооны үйл ажиллагааны өөрчлөлтийг in vitro орчинд HepG2 эсийг түгээмэл ашиглан судалдаг ба HepG2 эс дээр тулгуурласан ургамлын биологийн идэвхийг илрүүлэх судалгаа эрчимтэй хийгдэж байна. Гүзээлзгэнэ (Fragaria orientalis), аньс (Vaccinium vitis-idaea), хар манжин (Raphanus sativus), хөх далан хальс (Lonicera caerulea L.) зэрэг ургамал нь полифенол, флавоноид, антоцианин болон бусад хоёрдогч метаболитоор баялаг бөгөөд ургамлын төрөл, эд эрхтэн, ургах орчин болон хандлах аргаас хамааран биологийн идэвх нь ялгаатай байж болно. Ургамлын хандны биологийн идэвхийг үнэлэхийн өмнө эсэд үзүүлэх цитотоксик нөлөөг тодорхойлж, цаашдын туршилтад ашиглах тохиромжтой тунг сонгох шаардлагатай. Иймээс хүний элэгний хавдрын шугамын эс болох HepG2 эсэд ургамлын хандны эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг тодорхойлох чухал ач холбогдолтой байна. Зорилго: Гүзээлзгэнэ, аньс, хар манжин, таримал болон зэрлэг хөх далан хальсны усан болон этилийн спиртэн хандны HepG2 эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг үнэлж, эсэд хоруу чанар үзүүлэх тунг тодорхойлох. Арга, аргачлал: Гүзээлзгэнийн навч, аньсны навч, хар манжин, таримал болон зэрлэг хөх далан хальсны жимс, иш, навчийг ус болон этилийн спиртээр хандалж хуурайшуулан нийт 18 төрлийн ургамлын ханд бэлтгэв. Био-Анагаахын хүрээлэнгийн Эсийн биологийн лабораторийн эсийн санд хадгалагдаж буй хүний элэгний хавдрын HepG2 шугаман эсийг сэргээж тогтворжуулан ашиглав. Ургамлын хандуудыг 6.25, 12.5, 25, 50, 100, 200 болон 300 мкг/мл тунгаар бэлтгэн HepG2 эсэд үйлчилж, эсийн амьдрах чадварыг Cell Counting Kit-8 (CCK-8) урвалжаар тодорхойлов. Туршилтын бүлгийн эсийн амьдрах чадварыг хяналтын бүлэгтэй харьцуулахад 30%-иас дээш буурсан тохиолдолд эсэд хоруу чанартай гэж үзсэн. Үр дүн: Таримал хөх далан хальсны усан ханд болон жимс, ишний этилийн спиртэн хандууд 6.25–300 мкг/мл тунд HepG2 эсийн амьдрах чадварыг 70%-иас дээш түвшинд хадгалж, хоруу чанар харьцангуй бага үзүүлэв. Харин таримал хөх далан хальсны навчны этилийн спиртэн хандны өндөр тун нь эсийн амьдрах чадварыг бууруулсан. Зэрлэг хөх далан хальсны усан болон этилийн спиртээр хандалсан жимс, ишний хандууд цитотоксик нөлөөгүй байсан бол навчны усан болон этилийн спиртэн ханд 300 мкг/ мл тунд эсийн амьдрах чадварыг ойролцоогоор 65% хүртэл бууруулж хоруу чанар харьцангуй өндөр байв. Гүзээлзгэнэ, хар манжин, аньсны усан болон этилийн спиртэн ихэнх хандууд нь эсийн амьдрах чадварыг 70%-иас дээш хадгалж, цитотоксик нөлөө үзүүлээгүй. Гүзээлзгэнийн навчны этилийн спиртэн ханд хамгийн бага тун болох 6.25 мкг/мл-д эсийн амьдрах чадварыг ойролцоогоор 63% хүртэл бууруулсан боловч тун нэмэгдэхэд эсийн амьдрах чадвар нэмэгдэх хандлага ажиглагдсан. Дүгнэлт: Ургамлын хандны HepG2 эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөө нь ургамлын төрөл, эд эрхтэн, хандлах уусгагч болон концентрациас хамаарч ялгаатай байв. Гүзээлзгэнэ, аньс, хар манжин, таримал болон зэрлэг хөх далан хальсны жимс, иш зэрэг ихэнх ханд нь 6.25–300 мкг/мл тунд цитотоксик нөлөө харьцангуй бага үзүүлэв. Харин таримал хөх далан хальсны навчны этилийн спиртэн ханд 200 мкг/мл, зэрлэг хөх далан хальсны навчны усан болон этилийн спиртэн ханд 300 мкг/ мл-д эсийн амьдрах чадварыг 30%-иас дээш бууруулж харьцангуй хоруу чанар өндөр тодорхойлогдов.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Нурбек, Б.Уранбилэг, Ш.Үүртуяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл