Умайн хүзүү болон үтрээний шүүрлээс хүний папиллома вирус илрүүлэх аргуудыг харьцуулсан дүн
Түлхүүр үг:
Эрт илрүүлэг, Өөрөөсөө авагч хэрэгсэл, ХПВ, Хэв шинж, Шинжилгээний нийцэлХураангуй
Үндэслэл: Хүний папиллома вирус (ХПВ) нь умайн хүзүүний өмөн үүсэх үндсэн шалтгаан болдог. Тэр дундаа хэв шинж 16,18 нь өндөр эрсдэлт бүлэгт багтдаг байна. Монгол орны хувьд ХПВ илрүүлэх шинжилгээг сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжүүлж, үндэсний хөтөлбөрөө шинэчилж байгаатай уялдуулан нэмэлт шинжилгээний арга ашиглан эмэгтэйчүүдийг үндэсний хөтөлбөрт идэвхтэй тогтмол хамруулах, зөв оношлох, эмчилгээг цаг алдалгүй төлөвлөхөд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа тул энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болов. Зорилго: Умайн хүзүүнээс эмнэлгийн мэргэжилтний авсан болон үтрээний шүүрлээс эмэгтэй өөрөө авсан сорьцуудад ХПВ-ийн халдварыг илрүүлж, шинжилгээ хоорондын үр дүнгийн нийцлийг тодорхойлох, өөрөөсөө сорьц авах аргыг эрт илрүүлэгт ашиглах боломжийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд 25–68 насны нийт 206 эмэгтэй хамрагдсан. Оролцогчдоос ХПВ илрүүлэх хоёр төрлийн болон эсийн шинжилгээний наацын гурван сорьц цуглуулав. ХПВ-ийн 14 өндөр эрсдэлт хэв шинжийг гурван бүлгээр тодорхойлж, эсийн шинжилгээг Бетесда 2014 ангиллын дагуу үнэлэв. Статистик боловсруулалтыг SPSS-30.0 программ ашиглан хийв. Үр дүн: ХПВ-ийн халдварыг илрүүлэх хоёр төрлийн сорьцын шинжилгээний үр дүнгийн нийцэл маш сайн (kappa=0.949) нийцэлтэй байлаа. Шинжилгээ хийгдсэн оролцогчдоос өндөр эрсдэлт хэвшинж илэрсэн 50 (35.2%) эмэгтэй байсан бөгөөд халдвар илэрсэн эмэгтэйчүүдийн 51%-д умайн хүзүүний эсийн шинжилгээнд өөрчлөлт илэрсэн. Дүгнэлт: Өөрөөсөө сорьц авах хэрэгсэл нь ХПВ-ийг илрүүлэхэд умайн хүзүүний сорьцтой адил өндөр нийцэлтэй, найдвартай арга тул эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээнд алслагдмал нөхцөлд хэрэглэх бүрэн боломжтой байна.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Л.Саямаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
