Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын судалгаа
Түлхүүр үг:
Уламжлалт засал, Өндөр эрсдэлт эм, Унах эрсдэлХураангуй
Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээний чанар гэдэг нь хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах, тусламж, үйлчилгээг иргэний хууль ёсны хэрэгцээнд нийцүүлэх нь эрүүл мэндийн тогтолцооны үндсэн зорилго гэж тодорхойлсон байна. Монгол улсын ерөнхийлөгч уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зарлигийг 2026 оны 01 дүгээр сард баталсан бөгөөд тус зарлигт уламжлалт анагаахын салбарын бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээ, санхүүжилт, дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж чиглэл болгосон нь судалгаа шинжилгээний ажлыг хийж үр дүнд тулгуурлан тус зарлигийг хэрэгжүүлэх хэрэгцээтэй байгааг харуулж байна. Зорилго: Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үнэлгээ хийх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив (эргэмж судалгаа) судалгааны аргаар баримтын загвараар хийсэн. Зорилтот түүврийн аргаар түүвэрлэгдсэн өвчний түүхийн мэдээллээс унах эрсдэлийн үнэлгээ, өндөр эрсдэлт эмийн хэрэглээ, уламжлалт засал эмчилгээний аюулгүй байдлын үнэлгээ хийв. Үр дүн: Тухайн жилийн хугацаанд эмийн гаж нөлөө илэрсэн 3 тохиолдол бүртгэгдэж хэвтэн эмчлүүлэгчдийн 25.6%-д (n=318) нь өндөр эсрдэлт эмийг хэрэглэсэн эдгээрээс 32 хүнд нь өндөр эрсдэлт 2 эмийг хавсарч хэрэглэсэн байв. Эмийн гаж нөлөө илэрсэн үйлчлүүлэгчийн жоронд хяналт хийхэд гаж нөлөө илэрсэн хугацаа нь хэвтэн эмчлүүлсэн эхний өдөр илэрсэн бөгөөд сожид-11, агар-35, марчин-13 эмнүүд тухайн 3 хүний жоронд орсон байгаа нь олон найрлагатай эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай байгааг харуулж байна. Хатгах засал хийхээс өмнө үйлчлүүлэгчээс зөвшөөрөл авч хийсэн 95%, эмчилгээний дараа халдварыг шинж тэмдгээр тандсан 98%, гарсан цусыг үнэлж, дүгнэлт хийсэн 100% буюу хангалттай байсан бол хануур заслын өмнө тухайн заслын хийхэд эрсдэл гарах эсэхийг үнэлэхдээ цусны дэлгэрэнгүй шинжилгээнд хамруулсан 100%, цус бүлэгнэлтийн шинжилгээнд хамруулсан 4% (n=50) байна. Харин хануур заслын дараа эмчилгээний үр дүнг хянах зорилгоор давтан шинжилгээнд хамруулсан үйлчлүүлэгч 23% байна. Үйлчлүүлэгчийн зөв танин тодруулах үйл явцын хэрэгжилт 86.1% байгаа бол нийт эмчлүүлэгч нарын 62% нь (n=770) унах эрсдэлтэй байгаа хэдий ч эмнэлгийн орчинд унасан тохиолдол 2 бүртгэгдсэн байна. Дүгнэлт: 1. Өндөр эрсдэлт эмийн хэрэглээнд тогтмол хяналтыг хийж эрсдэл үүсгэж болох эмнүүдийг хамтад нь хэрэглэхээс зайлсхийж мөн олон найрлагат эмийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэйг харуулж байна. 2. Засал эмчилгээний өмнө болон дараа цус бүлэгнэлтийн шинжилгээ болон цусны дэлгэрэнгүй шинжилгээнд хамруулж эрсдэлээс сэргийлж, эмчилгээний үр дүнг хянах шаардлагатай байна. 3. Уламжлалт анагаах ухааны эмнэлгээр үйлчлүүлэгчийн дийлэнхи хувь нь унах эрсдэл бүхий эмчлүүлэгч байгаа тул унах эрсдэлийн үнэлгээг тогмол хийж гараас гарт хүргэх зарчмыг баримтлах нь эмчилгээний ор хоногийг багасгах эмнэлгээс гарах эмчилгээний зардлыг бууруулах ач холбогдолтой юм.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Т.Лхамжав, Б.Сэдэд, Ю.Гантөгс, Б.Лагшмаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
