Улаанбаатар хотын сургуулийн өмнөх насны хүүхдийн амны салстын нөсөөжилт, шүдний үзлэгийн пилот судалгааны дүн
Түлхүүр үг:
Паалангийн шалбархай, Буйлнаас цус гарах, Амны салстын өөрчлөлт, Шүдний гэмтэл, Амны хөндийн үзлэгХураангуй
Үндэслэл: Монгол Улсад хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаарх судалгаа цөөнгүй хийгдсэн байгаа ч, голчлон шүд цоорох өвчний үзүүлэлтийг тооцоолсон, сургуулийн насны хүүхдийг хамруулсан байгаа ба сургуулийн өмнөх насны хүүхдийн шүдний цоорол болон амны хөндийн нөсөөжилтийн талаарх судалгаа хомс хэвээр байна. Зорилго: Улаанбаатар хотын сургуулийн өмнөх насны хүүхдийн амны салст, буйл, шүдний эмгэг өөрчлөлтийг үнэлж, тархалтыг судлах Арга, аргачлал: Бид агшны судалгааны загвараар Улаанбаатар хотын санамсаргүйгээр сонгосон зургаан цэцэрлэгийн нийт 686 хүүхдэд амны хөндийн үзлэгийг ДЭМБ-ын 2013 оны удирдамжийг баримтлан дагуу Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн үнэлгээний маягтын хүрээнд хийсэн. Судалгааны үндсэн үзүүлэлтээр амны салстын өөрчлөлт буюу нөсөөжилт, буйлнаас цус гарах, шүдний гэмтэл, паалангийн шалбархай гэсэн үзүүлэлтийг тооцсон ба эдгээр үзүүлэлтүүд бүрэн бүртгэгдсэн 598 хүүхдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, давтамж, хувь болон Wilson аргын 95% итгэлцүүрийн интервал (ИИ) гэсэн ижил хуваариар (n=598) тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 598 хүүхдийн мэдээллээс үзвэл 86 (14.38%; 95% ИИ: 11.80–17.42%)-д ямар нэг эмгэг өөрчлөлт ажиглагдсан бөгөөд паалангийн шалбархай 74 хүүхдэд (12.37%; 95% ИИ: 9.97–15.26%) илэрснээс паалангийн түвшинд 45 (7.53%), тугалмайн түвшинд 29 (4.85%) тус тус байв. Амны салстын өөрчлөлт 10 (1.67%; 95% ИИ: 0.91–3.05%), буйлнаас цус гарах 7 (1.17%; 95% ИИ: 0.57– 2.40%), шүдний гэмтэл 1 (0.17%; 95% ИИ: 0.03–0.94%), амны салстын нөсөөжилт 64 (10.70%; 95% ИИ: 8.47–13.44%) хүүхдэд ажиглагдсан болно. Байршил зүйн хувьд, өөрчлөлттэй нийт 86 хүүхдийн 85 нь (98.84%) судалгаанд сонгогдсон зургаан цэцэрлэгийн хоёрт хамаарагдаж байв. Дүгнэлт: Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд шүд цоорох өвчнийг тооцохгүй үнэлэхэд паалангийн шалбархай хамгийн их тархалттай байсан бол амны салстын өөрчлөлт, буйлны цус гарах, шүдний гэмтэл цөөн хувиар ажиглагдлаа. Эдгээр өөрчлөлтүүд 6 цэцэрлэгийн хоёрт төвлөрсөн нь тухайн бүсийн хүн амзүй, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсээс хамаарсан, нөгөө талаас үзлэг, бүртгэлийн аргачлалын ялгааг илтгэж байх боломжтой тул цаашид судалгааны өмнө үзлэгийн шалгуурыг стандартчилах, олон цэцэрлэгийг хамруулах шаардлагатай гэж үзэж байна.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Отгонцэцэг, Г.Дариймаа, Б.Дамдиндорж, Ш.Үүртуяа, М.Үзмээ, Б.Нямдэлгэр
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
