Монгол улсын эрүүл мэндийн зарим байгууллагын орчин дахь гарын эрүүл ахуйг сахих нөхцөлийг үнэлсэн дүн
Түлхүүр үг:
Шингэн саван, Дэд бүтэц, Халдварын сэргийлэлт, Хүртээмж, Шууд ажиглалтХураангуй
Үндэслэл: Эрүүл мэндийн байгууллагын орчинд гарын эрүүл ахуйг сахих нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх үндсэн арга хэмжээний нэг юм. Гарын эрүүл ахуйн хэрэгжилт нь хэвийн ажиллагаатай угаалтуур, цэвэр ус, саван, гар халдваргүйжүүлэгч болон гар хатаах хэрэгслийн хүртээмж, тасралтгүй хангамжаас хамаардаг. Иймд эрүүл мэндийн байгууллагын орчин дахь гарын эрүүл ахуйг сахих нөхцөл, хэрэгслийн хүртээмжийг үнэлэх шаардлагатай нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын эрүүл мэндийн зарим байгууллагын орчин дахь гарын эрүүл ахуйг сахих нөхцөл, гар угаах хэрэгслийн хүртээмжийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг нэгэн агшны загвараар урьдчилсан боловсруулсан асуумж болон ажиглалтын хуудас ашиглан хот, хөдөөгийн нийт 20 эрүүл мэндийн байгууллагын орчин дахь 186 гар угаах цэгт ажиглалт хийн үнэлсэн ба тухайн эрүүл мэндийн байгууллага тус бүрээс санхүүгийн төсөвлөлтийн талаар асуумжийг авч мэдээлэл цуглуулав. Статистик боловсруулалтыг SPSS-27.0 программ ашиглан хийв. Бид судалгааны ажил хийх ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2026 оны 04 оны 17-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн ёс зүйн зөвшөөрөл авч, судалгааг хийж гүйцэтгэв (№26/0401). Үр дүн: Нийт 186 ажиглалтын цэгийн 55.9% нь хотод, 44.1% нь хөдөө орон нутагт байршиж байв. Ажиглалтын цэгийн 92.5% нь хэвийн ажиллагаатай угаалтууртай, 88.2% нь цэвэр усны хангамжтай, 73.7% нь шингэн савантай, 57.0% нь нэг удаагийн цаасан алчууртай, 52.2% нь гар угаах цэгт гар халдваргүйжүүлэгчтэй байв. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглах боломжтой гар угаах нөхцөл 26.3%-д бүрдсэн байна. Шингэн саван (82.7% ба 62.2%; p=0.002), гар халдваргүйжүүлэгчийн хүртээмж (72.1% ба 26.8%; p<0.001) хотод хөдөөгөөс статистикийн ач холбогдол бүхий өндөр байв. Судалгаанд хамрагдсан 20 байгууллагын 80.0% нь гар угаах хэрэгслийн зардлыг төсөвт тусгадаг боловч зөвхөн 5.0% нь савангийн хэрэглээний тайланд үндэслэн төсөвлөдөг байлаа. Дүгнэлт: Эрүүл мэндийн байгууллагуудын орчин дахь гар угаах дэд бүтэц харьцангуй сайн боловч гар угаах хэрэгслийн хүртээмж, ялангуяа хөдөө орон нутагт хангалтгүй байна. Иймд гар угаах хэрэгслийн тогтвортой хангамж, хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжтэй орчин болон бодит хэрэглээнд суурилсан төсөвлөлтийг сайжруулах шаардлагатай нь тодорхойлогдлоо.АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
