Монгол Улсын баруун бүсийн иргэдийн дунд эрүүний үений эмгэгийн эмнэлзүйн шинж тэмдэг ба DC/TMD-ийн үзлэгээр тогтоогдох оношийн тархалт
Түлхүүр үг:
Үений чимээ, Буцаж байрладаг дискний шилжилт, Миофасциал өвдөлт, Тэмтрэлтийн өвдөлт, Хүйсийн ялгааХураангуй
Үндэслэл: Эрүүний үений эмгэг (temporomandibular disorders, ЭҮЭ) нь шүдний бус гаралтай нүүр амны өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгаан бөгөөд насанд хүрэгчдийн гуравны нэг орчимд тохиолддог. Монгол Улсад, ялангуяа орон нутгийн хүн амын дунд ЭҮЭ-ийн тархалтыг олон улсын стандарт шалгуураар үнэлсэн судалгаа ховор байна. Зорилго: Монгол Улсын баруун бүсийн иргэдийн дунд ЭҮЭ-ийн эмнэлзүйн шинж тэмдэг (clinical signs and symptoms), DC/TMD-ийн үзлэгээр тогтоогдох оношийн тархалтыг тодорхойлж, хүйс, насны бүлгээр харьцуулах. Арга, аргачлал: Энэхүү ретроспектив, хоёрдогч өгөгдлийн судалгаанд 2020– 2021 онд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт цуглуулсан судалгааны өгөгдлийг ашиглав. Шинжилгээнд нийт 520 оролцогчийн мэдээлэл хамрагдсан бөгөөд оролцогчдын нас 16–71, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 72.3% байв. Өгөгдлийг хоёрдогчоор ашиглах судалгааны ёс зүйн зөвшөөрлийг 2024 онд авсан. DC/TMD-ийн I тэнхлэгийн (Axis I) эмнэлзүйн үзлэгээр ам ангайлтын зам, эрүүний хөдөлгөөний хүрээ , үений чимээ , зажлуурын булчингийн 20, эрүүний үений 4 цэгийн тэмтрэлтийн өвдөлтийг үнэлж, үзлэгийн мэдээллээр тогтоох боломжтой оношийг (IIa, IIIa–IIIc) тогтоов. Ялгааг χ2, Фишерийн нарийвчилсан тест (Fisher’s exact test), логистик регрессээр үнэлэв. Үр дүн: Хамрагдагсдын 87.1% нь дор хаяж нэг эмнэлзүйн шинж тэмдэгтэй байсан бөгөөд ам ангайлтын хазайлт (58.1%), үений чимээ (56.2%) хамгийн түгээмэл байв. Ам ангайх үед булчингийн өвдөлт 16.7%, үений өвдөлт 18.3%, зажлуурын булчингийн тэмтрэлтийн өвдөлт 8.7%, эрүүний үений тэмтрэлтийн өвдөлт (8.3%-д илэрсэн. Үзлэгээр тогтоогдох онош 21.5% (95% ИЗ: 18.2–25.3)-д тогтоогдсон бөгөөд буцаж байрладаг дискний шилжилт (14.4%) хамгийн түгээмэл, III бүлгийн онош 8.3% байв. Зажлуурын булчингийн 3 ба түүнээс дээш цэгт тэмтрэлтийн өвдөлт дөнгөж 3.3%-д илэрсэн. Эмэгтэйчүүдэд ам ангайх үеийн үений өвдөлт (21.0% ба 11.1%; p=0.009), булчин ба үений тэмтрэлтийн өвдөлт эрэгтэйчүүдээс их, III бүлгийн оношийн магадлал 2.5 дахин өндөр (МХ 2.50; 95% ИЗ: 1.02–6.15) байв. Ам ангайх үеийн булчингийн өвдөлт нас ахих тусам буурсан (26.7%-иас 10.6%; p=0.036) бол онош насны бүлгээр ялгаагүй. Дүгнэлт: Баруун бүсийн иргэдийн дийлэнх нь ЭҮЭ-ийн эмнэлзүйн шинжтэй боловч ихэнх нь ам ангайлтын хазайлт, үений чимээ байсан бөгөөд тав тутмын нэгд DC/TMD-ийн үзлэгээр тогтоогдох онош илэрсэн. Эмэгтэйчүүдэд өвдөлттэй үений эмгэг илүү тохиолдож байв. Миофасциал өвдөлтийн тархалт бага байсныг тэмтрэлтийн үзлэгийн стандартчиллын хүрээнд тайлбарлах шаардлагатай.АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
