КОВИД19-ийн үед сэтгэцийн эмгэгтэй өвчтөнд тусламж үзүүлсэн мэргэжилтнүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, ажлаас халшрах хам шинжийг судалсан дүн

Зохиогчид

  • Ж.Нямцэцэг АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хувь хүнээс халшрах, Урамшуулал, Ажлын орчин, Сэтгэцийн тулгамдсан асуудал, Эмнэлэг хамгааллын дэглэм

Хураангуй

Үндэслэл: КОВИД-19-ийн цар тахлын үед эрүүл мэндийн салбарын ажилтнууд халдвар авах өндөр эрсдэл, ажлын ачааллын өсөлт, хувийн хамгаалах хэрэгслийн хомсдол, гэр бүлдээ халдвар дамжуулах айдас, ялгаварлан гадуурхалт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан сэтгэл зүйн ихээхэн ачаалалд өртөж байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг. Ялангуяа сэтгэцийн эмгэгтэй зарим эмчлүүлэгчийн өвчний талаарх шүүмжлэл, эрсдэлийг ухамсарлах болон өөртөө үйлчлэх чадвар буурсан байдал нь халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмийг мөрдүүлэхэд хүндрэл учруулж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын ачаалал, сэтгэл зүйн дарамтыг нэмэгдүүлэх нөхцөл болж байв. Иймд цар тахлын онцгой нөхцөлд ажилласан сэтгэцийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, ажлаас халшрах хам шинжийг судлах үндэслэл болсон. Зорилго: Цар тахлын үед СЭМҮТ-ийн КОВИД19ийн тасагт ажилласан сэтгэцийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, ажлаас халшрах хам шинжийн түвшинг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан, аналитик агшны судалгааны загвараар, асуумжийн аргаар 41 эмч, 82 сувилагч, 82 туслах сувилагч, нийт 205 хүнийг хамруулан хийв. Сэтгэл гутралын түвшинг PHQ-9, сэтгэл түгшилтийн түвшинг GAD-7 стандарт асуумжаар, ажлаас халшрах хам шинжийг Maslachийн асуумжаар үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагчдын дундаж нас 39.37±9.11 жил, 78.5% нь эмэгтэйчүүд байсан бөгөөд хүйсийн бүтэц мэргэжлийн бүлгээр статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.005) байв. Нийт оролцогчдын 85.8%-д сэтгэл түгшилт (үүнээс 53.7%-д хөнгөн зэрэг), 53.2%-д сэтгэл гутрал (үүнээс 50.2% (n=103)-д бага, дунд зэрэг) илэрсэн бөгөөд мэргэжлийн бүлгүүдийн хооронд статистик ялгаагүй байв. Нийт 205 оролцогчийн 99.5% (n=204) нь нийгмийн ялгаварлан гадуурхалд өртсөн бол мэргэжлээр нь харьцуулан үзэхэд 90.2–100% нь өөрийгөө ялгаварлан гадуурхсан байна. Ажлаас халшрах хам шинжийн 2–3 хэмжүүрт өөрчлөлт эмч нарын 30.0% (n=12), сувилагч нарын 46.6% (n=38), туслах сувилагч нарын 52.4% (n=43)-д илэрсэн боловч мэргэжлийн бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (p=0.06). Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан сэтгэцийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 85.8% нь сэтгэл түгшилттэй, 53.2% нь сэтгэл гутралтай байсан бөгөөд 90.2–100% нь нийгмийн болон өөрийгөө ялгаварлан гадуурхалд өртсөн байна. Ажлаас халшрах хам шинжийн хэмжүүрүүдээс хувь хүний бүтээмж буурах шинж эмч, сувилагч, туслах сувилагч нарын дунд хамгийн их (58.8%) илэрсэн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл