Зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлттэй, 6-7 настай хүүхдүүдийн кальцийн түвшинг бие бялдрын өсөлттэй холбон судалсан нь
Түлхүүр үг:
Залруулсан кальци, Z оноо, КвартильХураангуй
Үндэслэл: Хүүхдийн бие махбодын өсөлт хөгжил нь дааврын зохицуулалт бодисын солилцоо, хүчилтөрөгчийн хангамжаас шууд хамаардаг. Үүний дотор ясны эрдэсжилт, ялангуяа кальцийн (Ca2+) түвшин нь ясны эрдсийн нягт (ЯЭН), булчингийн ажиллагаа, дааврын идэвхжил, улмаар өсөлтийн чанарыг тодорхойлдог гол хүчин зүйл юм. Үүнтэй холбоотойгоор ЗЦБ-ийн өөрчлөлттэй 6-7 настай хүүхдүүдийн кальцийн түвшинг бие бялдрын өсөлттэй холбон судалсан судалгааны ажил ховор байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эрт илрүүлгээр ЗЦБ-ийн өөрчлөлттэй 6-7 настай хүүхдүүдийн кальцийн түвшинг бие бялдрын өсөлттэй холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвараар хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 296 хүүхэд хамруулав. Тус хоёр бүлгийн ийлдэсний нийт кальци болон альбумины түвшинг фотометрийн аргаар биохимийн бүрэн автомат анализатор ашиглан тооцоолсон. Статистик боловсруулалтыг SPSS-27.0 программ ашиглан 2 бүлгийн хоорондын дундаж ялгааг үл хамаарах t тест, ANOVA болон корреляцын шинжилгээ хийв. Үр дүн: Судалгааны хяналтын бүлгийн ийлдэсний нийт кальцийн дундаж утга 2.65±0.15 ммоль/л, залруулсан кальци 2.58±0.13 ммоль/л, тохиолдлын бүлгийн ийлдэсний нийт кальци дундаж утга 2.64±0.18 ммоль/л, залруулсан кальци 2.59±0.17 ммоль/л байсан нь судалгааны бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Тохиолдлын бүлгийн хэвийн өндөртэй хүүхдүүдийн нийт кальцийг (2.66±0.20 ммоль/л), өсөлт хоцрогдолтой хүүхдүүдийн нийт кальцитай (2.60±0.13 ммоль/л) харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) байв. Судалгааны бүлгүүдийн нийт болон залруулсан кальцийн түвшин, бие бялдрын өндрийн үзүүлэлт хооронд корреляцын шинжилгээгээр үнэлэхэд статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдсангүй (p>0.05). Дүгнэлт: ЗЦБийн өөрчлөлттэй болон өөрчлөлтгүй хүүхдүүдэд бие бялдрын өсөлт хөгжлийн Z оноог харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв. Гэвч тохиолдлын бүлгийн нийт кальцийн түвшин хэвийн болон өсөлт хоцрогдолтой хүүхдүүдийн хооронд буурах хандлагатай байлаа (p<0.05). Судалгааны бүлгүүдэд ийлдэсний нийт болон залруулсан кальцийн түвшинг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв (p>0.05). Судалгааны бүлгүүдийн өндрийн үзүүлэлтийг 4 квартильд бүлэглэн бүлэг хооронд нийт болон залруулсан кальцийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй. Өөрөөр хэлбэл тухайн насны хүүхдүүдийн бие бялдрын өсөлтөд кальцийн түвшин дангаараа шийдвэрлэх нөлөө үзүүлэхгүй байна.АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
